ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧИН, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ
“А” компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Хавар болж барилгын салбарын ажил эхэлж байгаатай холбоотойгоор А компанийн захирал Б нь өөрийн компанид ажиллах хүч болгон БНАСУ-аас 60 ажилчин оруулж ирэхээр болжээ. Дээрх тохиолдолд А компанийн захиралд зөвөлгөөө өгнө үү.
1. Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн оруулж ирэхэд аль байгууллагаас, ямар баримт бичиг бүрдүүлэн зөвшөөрөл авах ёстой вэ?
2. Гадаадаас ажиллах хүч оруулж ирэхэд Ажлын байрны төлбөр, түүний хэмжээний талаар дэлгэрэнгүй тайлбарлан уу
3. Байгууллага нь гэрээгээр авч ажиллуулж байгаа гадаадын иргэний өмнө ямар хариуцлага хүлээдэг вэ?
Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн оруулж ирэхэд аль байгууллагаас ямар зөвшөөрөл авдаг вэ?
Байгууллага нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахын өмнө хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрлийг урьдчилан авсан байна.
Ямар баримт бичиг бүрдүүлэх ёстой вэ?
Байгууллага нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
- -гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн зайлшгүй ажиллуулах шаардлага, гүйцэтгэх ажил, үйлчилгээний хэмжээ, хугацаа, үйлдвэрлэлийн онцлог байршил, гадаадын иргэний мэргэжил, туршлага ур чадварын талаар дэлгэрэнгүй тодорхойлсон бичиг
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /эх хувтай нь /, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотиариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Гадаадын хуулийн этгээдтэй ажиллах хүч , мэргэжилтэн авах талаар байгуулсан гэрээ
- Гадаадын иргэний гадаад паспортын хуулбар
- Гадаадын иргэний мэргэжлийн үнэмлэх дипломын хуулбар
- Хөдөлмөр эрхлүүлэх салбарын яам, агентлагийн тодорхойлолт
- Тухайн байгууллагад гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулах шаардлага хэрэгцээний тухай орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн санал зэрэг материалыг бүрдүүлнэ.
Эрх бүхий байгууллага нь холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянан шалгасны үндсэн дээр Засгийн газраас тогтоосон хувь хэмжээнд багтаан МУ-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоно.
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь 1 жил хүртэл хугацаатай байх бөгөөд зөвшөөрлийг хугацааг байгууллагын хүсэлт, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний үр дүн, цаашид ажиллуулах болсон шалтгааныг судалж шалгасны үндсэн дээр сунгана.
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу гадаадын иргэнийг МУ-д ирүүлсэн байгууллага нь ГИХАсуудал эрхлэх албанд бүртгүүлнэ.
МУ-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй бүхий гадаадын иргэн, тухайн байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээ зөрчсөн, өөр байгууллага, орон нутагт зөвшөөрөлгүй шилжин ажилласан тохиолдолд уг зөвшөөрлийг байгууллагын тодорхойлолтыг үндэслэн холбогдох эрх бүхий байгууллагаас хүчингүй болгож, ГИХАЭА-нд энэ тухай мэдэгдэнэ.
Гадаадын иргэнд олгох хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг холбогдох байгууллагад албан бичгээр хүсэлт тавьсан өдрөөс эхлэн тооцдог.
Ажлын байрны төлбөр, түүний хэмжээний талаар дэлгэрэнгүй
Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоход ажиллах хугацаагаар нь тооцож ажлын байрны төлбөр авдаг. Аж ахуйн нэгж байгууллага, иргэн нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж ажил үйлчилгээ эрхлүүлсний төлөө энэхүү төлбөрийг төлдөг. төлбөрийн хэмжээ 1 сард гадаадын иргэн бүрт МУЗГ-аас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байдаг.
Гадаадын иргэн нь харьяалагдаж байгаа байгууллагаасаа өөр байгууллагад шилжин ажиллаж болох уу?
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаадын иргэн нь байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан тохиолдолд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, гэрээ цуцлах болсон шалтгааныг үндэслэн зохих журмын дагуу шинээр зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэнэ.
Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоход хэдэн хоногийн дотор шийдвэрлэх вэ?
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл /урилга/ олгох тухай байгууллага, иргэний хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5-10 өдрийн дотор, гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, зөвшөөрлийн хугацаа сунгах асуудлыг ажлын 3 өдөрт шийдвэрлэнэ.
Байгууллага нь гэрээгээр авч ажиллуулж байгаа гадаадын иргэний өмнө ямар хариуцлага хүлээдэг вэ?
Байгууллага нь гэрээгээр авч ажиллуулж байгаа Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаадын иргэнийг хөдөлмөрийн гэрээ дуусмагц эх оронд нь буцаах арга хэмжээ авах үүрэгтэй.
Хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан гадаадын иргэнийг эх оронд нь буцаах үүргийг хэн хариуцах вэ?
Гадаадын иргэний хугацаа дуусмагц эх оронд нь буцаах үүргийг ажиллуулж байсан байгууллага нь хуулийн дагуу хариуцна.
Хуулийн ямар үндэслэлээр гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах вэ?
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах хуулийн заалттай юм.