ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АЖИЛЛАГАА
Энэ удаагийн мэдээгээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг авахын тулд ямар баримт бичиг бүрдүүлж, хаана хандах тухай танилцуулна.
“Тусгай хамгаалалттай газар нутаг” гэж байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх,соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор хамгаалалтад авсан газрыг ойлгоно.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрддэг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар, газар нутгийг улсын болон тухайлсан орон нутгийн тусгай хамгаалалтад авч болдог. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж 4 ангилдаг бөгөөд тус тусын ангилалд тус хуульд заасан шаардлага, дэглэмд нийцсэн байдлаар ашиглуулдаг.
Тусгай хамгаалалттай газар ашиглах зөвшөөрлийг авахын тулд дараах дарааллын дагуу баримт материалыг бүрдүүлнэ:
1. Газар ашиглах хүсэлт болон хэрэгжүүлэх төслийг Хамгаалалтын захиргаанд (тухайн бүс нутагт Хамгаалалтын захиргаа байгуулагдаагүй бол тухайн газрын харьяа дүүргийн Засаг даргад) гаргана.
(Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 35.1, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам 2.1)
2.Дээрх хүсэлт болон хэрэгжүүлэх төслийг Хамгаалалтын захиргаа хянан үзээд, тухайн газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд нийцэж байгаа бол тэдгээрийг Хамгаалалтын захиргаа болон Дүүргийн Засаг даргын саналын хамт Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хүргүүлэх ба
-Газрын кадастрын зураг
-ААН гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/-ыг хавсаргана.
3.БОЯ нь Хамгаалалтын газраас хүлээн авсан дээрх материалуудыг хянаж үзэхдээ доорх шалгуурыг тавина:
- Санхүүгийн чадвартайг нотолсон эрх бүхий байгууллагын баталгаа
-Татварын болон банкны өргүйг баталсан баримт бичиг
-Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний чиглэл, зорилгод тохирсон эсэх
-Гэрчилгээний үнэ
-Аялал жуулчлал эрхлэх эрхийн бичгийн хураамж
4. Дээрх шаардлагыг хангасан тохиолдолд, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ”-г хийлгүүлнэ.
5. “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ”-г хийлгэнэ.
6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээнд тулгуурлан БОНХАЖ-н сайд “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах тухай шийдвэр”-г гаргана. (Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 36.1)
7. Дээрх шийдвэрийг үндэслэн БОНХАЖЯ-н“Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ”-г олгоно.
8. Гэрчилгээг эзэмшигч тухайн газар үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болно.
9. Гэрчилгээ гарсанаас хойш 3 сарын дотор Хамгаалалтын захиргаа-Дүүргийн Засаг дарга-Газар ашиглагч хооронд Гурвалсан гэрээ байгуулна. (Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 37.1)
10. Гурвалсан гэрээг БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга батална.
Хэрэв газар ашиглагч төслөө өргөтгөх, шинэчлэх бол Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын зөвшөөрлийг авч, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дахин хийлгүүлнэ.