ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБЫГ МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭЛБЭРЭЭР ОРЛУУЛАН ХААХ ИРГЭНИЙ ТОО БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, МӨНГӨН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ, ХУРААН АВАХ, ТӨЛБӨРИЙН ОРЛОГЫГ АШИГЛАХ ЖУРМЫН ТУХАЙ
Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааж болно.
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр хаах иргэний тоо бүртгэлийг хэн хөтлөх вэ?
- Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангаж, мөнгөн төлбөр төлөх иргэний тоо бүртгэлийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаы эрхлэн хөтөлнө.
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр хаах иргэнийг хэрхэн бүртгэх вэ?
- Иргэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах хүсэлтээ тухайн жилийн цэргийн тоо бүртгэл болон ээлжит цэрэг татлагын үеэр аймаг, нийслэл, дүүргийн цэрэг татлагын товчоонд гаргана.
Цэргийн дүйцүүлэх албыг хаах иргэний төлөх мөнгөний хэмжээг хэрхэн тогтоох вэ?
- Цэргийн штаы цэрэг татлагын товчоонд санал болон Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоол, тухайн жилийн мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоосон Засгийн газрын шийдвэрийг тус тус үндэслэн төлбөрийн хэмжээг тодорхойлж, нэрсийн жагсаалт гаргах бөгөөд уг жагсаалтыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргаар батлуулан, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлнэ.
- Төлбөр төлөгч иргэнд мөнгөн төлбөр төлөх тухай мэдэгдэх хуудас хүргүүлнэ.
- Төлбөр төлөгч мөнгөн төлбөр төлсөн, төлбөрөөс чөлөөлөгдсөн тухай тэмдэглэгээг цэргийн үүрэгтний үнэмлэхэд хийж, Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтран баталгаажуулна.
Мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах
- Төлбөр төлөгч иргэн мөнгөн төлбөрийг цэргийн албаны дараагийн ээлжит татлагын өмнө Санхүү, төрийн сангийн хэлтсийн дансанд тушаана.
- Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн орлогын 50 хувийг Сангийн яамны Төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлнэ.
Мөнгөн төлбөрийг зарцуулах
Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн орлогын 50 хувийг орон нутгийн төсөвч төвлөрүүлж, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрийн дагуу цэргийн штаб дараах зориулалтаар зарцуулна:
1. Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс болон батлан хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
2. Орон нутгийн хамгаалалтын арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
3. Цэрэг-техникийн бүртгэлийн мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх;
4. Цэргийн штабын бэлэн байдал, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
5. Сургалтын материаллаг баазыг бүрдүүлэх;
6. Батлан хамгаалах товчооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
7. Улсын дайчилгааны асуудал хариуцсан ажилтны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
8. Цэргийн штабын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;
9. Батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд идэвх, санаачилгатай ажилласан иргэн, албан тушаалтныг урамшуулах;
Хариуцлага
Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн орлого, зарцуулалтын талаар иргэдэд нээлттэй мэдээлж байна.
Мөнгөн төлбөрийн орлогыг Засгийн газрын гишүүний зөвшөөрөлгүй өөр бусад дансанд шилжүүлэх, түр байршуулахыг хориглоно.
Мөнгөн төлбөрийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад тухайн орон нутгийн хөндлөнгийн аудитын байгууллага, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгж, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлын хэрэгжилтэд уг байгууллагын стратегийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгж тус тус хяналт тавьж ажиллана.