НИЙСЛЭЛД БҮРТГЭЛТЭЙ ИРГЭДИЙН ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХИЙН НЭГЖ ТАЛБАРЫН БАЙРШЛЫГ СОНГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байршилд хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлд байнга оршин суух бүртгэлтэй иргэдийн газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулна.
Газар өмчлөлийн цахим систем гэж юу вэ?
Газар өмчлөлийн цахим системд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газрын байршил, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, тухайн газартай холбоотой мэдээллүүд, холбогдох шийдвэр, журам, зааврыг байрлуулсан байна.
“Газар өмчлөлийн цахим систем”-ийн үйл ажиллагааны дараалал
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагаа дараах үндсэн дарааллаар явагдана.
Үүнд:
- Газрын асуудал эрхэлсэн байгууллагаас өмчлүүлэхээр зарлагдсан байршлуудтай газар өмчлөлийн цахим системд хандан танилцаж тэдгээрээс сонголт хийн, сонгосон байршилд газар өмчлөх хүсэлтээ цахим системд байрлуулсан маягтын дагуу бөглөж системд илгээнэ;
- Хуулийн дагуу газар үнэгүйгээр өмчилж аваагүй иргэнд хүсэлтийн баталгаажуулалтын дугаарыг хүсэлт гаргасан иргэний гар утас, цахим хаягаар систем автоматаар хүсэлтийг хүлээж авсан даруй илгээнэ;
- Баталгаажуулалтын дугаарыг хүлээн авсан иргэн тухайн дугаарыг ашиглан системд дахин хандаж хүсэлтээ баталгаажуулж илгээнэ;
- Газар өмчлөлийн цахим систем нь тухайн байршилд газар өмчлөхөөр гаргасан иргэдийн хүсэлтийн дагуу газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг автомат үйлдлээр сонгоно;
- Газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон тухай хариу мэдээллийг цахим системээс хүлээн авсан иргэн нь газар өмчилж авах тухай өргөдлөө харъяа дүүргийн Засаг даргад гаргана;
- Дүүргийн Засаг дарга хүсэлтийг хүлээн авч нийслэлийн Засаг даргад уламжлан, нийслэлийн Засаг дарга иргэнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана;
Иргэд газар өмчлөлийн цахим системд хүсэлт гаргах, баталгаажуулах
Газар өмчлөхийг хүссэн иргэн өөрөө эсвэл өөрийн хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан цахим системд хандан хүсэлтээ гаргаж болно.
Нийслэлд бүртгэлтэй, гадаадад сурч, амьдарч байгаа Монгол улсын иргэн цахим системд хандаж газар өмчлөх хүсэлтээ гаргаж болно.
Газар өмчлөх хүсэлт гаргаж буй иргэн цахим системд байрлуулсан хүсэлтийн маягтыг дараахь шаардлагын дагуу бөглөж мэдээллээ оруулна
- Хүсэлтийн маягтыг зааврын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх;
- Хүсэлтийн маягтад зөвхөн цахим шуудангийн хаягийг латин үсгээр тэмдэглэж бичих;
- Хүсэлтийн маягтад заагдсан бусад мэдээллийг зөвхөн кирилл үсгээр бичих;
Цахим системд хүсэлт гаргагч иргэн нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүйгээр газар өмчилж авсан эсэхийг тусгай программаар шүүж хянана.
- Нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт газар өмчилсөн эсэх;
- Аймаг, сумдын нутаг дэвсгэрт газар өмчилсөн эсэх;
- Нийслэл хотод газар өмчлөөгүй тухай тодорхойлолт авсан эсэх;
Хүсэлт хүлээн авах хугацааг сунгах
Хүсэлт хүлээн авч эхлэхээр зарласан өдрөөс эхлэн хуанлын 15 хоногийн хугацаанд иргэдээс цахим системээр дамжуулан хүсэлт хүлээн авна.
Иргэдэд өмчлүүлэх боломжтой нэгж талбарын тоонд газар өмчлөх тухай хүсэлт гаргасан иргэдийн тоо хүрэхгүй нөхцөлд тухайн байршилд иргэдээс хүсэлт хүлээн авах хугацааг дахин хуанлын 15 хоногоор сунгаж болно.
Газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон боловч ажлын 10 хоногийн дотор дүүргийн Засаг даргад хандаж өргөдлөө холбогдох материалын хамт бүрдүүлж өгөөгүй иргэдийг газар өмчлүүлэх тухай засаг даргын шийдвэрээс хасч дээрх иргэдийн оронд тухайн байршилд хүсэлт өгч газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдоогүй иргэдийн дунд газар өмчлөлийн цахим систем дахин автомат үйлдлээр сонголт явуулна.