ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ТӨСӨЛ БЭЛТГЭХ ЯВЦАД НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТУХАЙД
Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-д заасны дагуу хууль зүйн сайд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр а/222 дугаар тушаалаар Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал баталсан байна.
Нөлөөллийн шинжилгээ гэж тухайн захиргааны хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цогц үйл ажиллагааг ойлгоно хэмээн тодоройлсон бөгөөд хуульд заасан эрх бүхий этгээдээс захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийхэд энэхүү аргачлалыг баримтлана.
Нөлөөллийн шинжилгээний зорилго нь шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог хангах, шийдвэрийн чанар, ил тод байдлыг дээшлүүлж, эерэг болон сөрөг талуудыг харьцуулан судалж, үр дагаврыг урьдчилан тооцсоны үндсэн дээр уг асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй зохицуулалтыг бий болгоход оршино.
Аргачлал нь 3 бүлэгтэй ба 1-р бүлэгт нийтлэг үндэслэл, 2-р бүлэгт нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал, 3-р бүлэгт нөлөөллийн шинжилгээний танилцуулга бэлтгэх, баталгаажуулах талаар тусгасан байна.
Нөлөөллийн шинжилгээ хийхэд дараахь зарчмыг баримтална. Үүнд:
1.хууль дээдлэх;
2.акт нь зөв тодорхойлогдож, зорилгодоо нийцсэн байх;
3.акт нь үр нөлөөтэй, үр ашигтай байх;
4.актын төсөл бэлтгэх үе шат нь төрийн бусад байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжид нээлттэй, ил тод байх.
Шийдвэрийн төсөлд нөлөөллийн шинжилгээ хийх ажлыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд удирдан зохион байгуулах бөгөөд нөлөөллийн шинжилгээний үнэн зөвийг хариуцна.
Нөлөөллийн шинжилгээнд дараах асуудлыг тусгана. Үүнд:
1.“акт гаргах үндэслэл, шаардлага, зорилтыг тодорхойлох”
Хуулиар тусгайлан эрх олгогдсон байх нь акт гаргах үндэслэл болно. Энэ хэсэгт тухайн шийдвэрийг хэрэгжүүлснээр тавьсан зорилгод хүрч чадах эсэхийг тогтооно. Зорилт нь тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байхаас гадна аль болох тодорхой, хэмжих боломжтой, бодитой байдлаар томьёологдсон байна.
2.“тухайн актын ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ”
Энэ хэсэгт тухайн актаар зохицуулах харилцааны хүрээ, хэмжээг тодорхой заана. Зохицуулах асуудлын хүрээг дутуу зааснаас практикт зохицуулалтгүй асуудал үлдэж, хариуцах эзэнгүй болдог.
Акт нь бүтцийн хувьд гарчиг, тэмдэглэх хэсэг, тогтоох хэсэг, шаардлагатай бол урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай хэсэг болон акт хүчин төгөлдөр болох хугацааг тус тус тусгана.
3.“акт батлагдсаны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийг тодорхойлох”
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан журмын дагуу санал авах ажиллагаа явуулна.
4.“хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх”
Энэ хэсэгт дараах асуудлыг тусгана.
· Хүний эрх, эрх чөлөө ялгаварлан гадуурхсан буюу аль нэг бүлэгт давуу байдал үүсгэх эсэх;
· Зохицуулалт нь хүний эрхийг хязгаарласан бол энэ нь хууль ёсны зорилгод нийцсэн эсэх;
· Жендерийн эрх тэгш байдлыг хангасан эсэх;
· Дотоодын аж ахуйн нэгж болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хоорондын өрсөлдөөнд нөлөө үзүүлэх эсэх;
· Хязгаарлагдмал өрсөлдөөний улмаас үнийн хөөрөгдлийг бий болгох эсэх;
· Зах зээлд шинээр орж ирж буй аж ахуйн нэгжүүдийн хувьд бэрхшээл, хүндрэлийг бий болгох эсэх;
· Төрийн байгууллага болон аж ахуйн нэгж байгууллагад захиргааны шинж чанартай нэмэлт ачаалал бий болгож байгаа эсэх;
· Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооход хүргэх эсэх
· Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний борлуулалтад ямар нэг хязгаарлалт, эсхүл хориг тавих эсэх;
· Хэрэглэгчдийн эрх ашигт нөлөөлөх эсэх.
5.“тухайн асуудлыг зохицуулж байгаа хүчин төгөлдөр хууль, захиргааны хэм хэмжээний акт байгаа эсэх”
Тухайн харилцааг урьд нь хууль эрх зүйн бусад актаар зохицуулж байгаа эсэхийг орхигдуулалгүй судлан, эрх зүйн зохицуулалтын давхардлыг үүсгэхээс сэргийлэх арга хэмжээг авна.
6.актыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, техник, эдийн засгийн тооцоог
Шинээр төрийн байгууллага байгуулах, эсвэл төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдэх, захиргааны шинэ чиг үүрэг бий болгох, шаардлага тавигдах эсэх, мөн тухайн шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдон улсын төсөв болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зардал үүсэх, бууруулах эсэхийг судлах.
Нөлөөллийн шинжилгээг хийхдээ энэ журамд заасан асуултаар хязгаарлалгүй судалж байгаа асуудлын онцлогоос хамааран нэмэлт асуулт гаргаж болно.
Хүний нөөц, техник, эдийн засгийн тооцооны үнэлгээг тоон хэмжигдэхүүнээр /мөнгөн хэлбэрээр/ илэрхийлэх ба боломжгүй тохиолдолд нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, үр дагаврыг тодорхойлно.
Нөлөөллийн шинжилгээг хийсний үр дүнд тухайн шийдвэрийг гаргах зайлшгүй шаардлагатай нь нотлогдсон тохиолдолд Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна.
Мөн нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ.
Үүнээс гадна дараах хүрээнд хэлэлцүүлэг хийж болно:
1.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд;
2.эрдэмтэн, судлаач, шинжээч зэрэг мэргэшсэн хүрээнд;
3.тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд;
4.тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд.
Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийсэний дараа үр дүнд тулгуурлан танилцуулга бэлтгэх ба танилцуулгад дараах асуудлыг тусгана. Үүнд:
1. Аргачлалд заасан асуудлын хариулт, тэдгээрийн үндэслэл бүхий дэлгэрэнгүй тайлбар;
2. Аргачлалын дагуу авсан саналын мэдээлэл, үр дүн.
Нөлөөллийн шинжилгээний танилцуулгыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулна.
---000---