Шүүн таслах явдлын тухай олонд тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм
ШҮҮН ТАСЛАХ ЯВДЛЫН ТУХАЙ ОЛОНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ БҮЛГЭМИЙН ДҮРЭМ (1928 оны 5 дугаар сарын 25-ны өдөр)
ШҮҮН ТАСЛАХ ЯВДЛЫН ТУХАЙ
ОЛОНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ БҮЛГЭМИЙН ДҮРЭМ
(1928 оны 5 дугаар сарын 25-ны өдөр)
ШҮҮН ТАСЛАХ ЯВДЛЫН ТУХАЙ ОЛОНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ БҮЛГЭМИЙН ДҮРЭМ[1]
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтийн товчоо
Нэг. Шүүн таслах явдлын тухай олонд тусламж үзүүлэх бүлгэмийг Улаанбаатар хотноо анх удаа туршлага болгон байгуулах бөгөөд үүнийг явуулах хэрэг зорилго бол жинхэнэ ард түмнээр байгуулсан, засаг төр ба мөн олон ардын ашиг тусыг арчлан хамгаалах тухай нийтэлсэн хууль цааз, дүрэм, хэргүүдийн утга чанарыг олонд нэвтрүүлэн таниулж, тухай бүр тайлбарлан тусгахаас гадна тусгайлсан өгүүлбээс манай Монголын ард түмнээр угаас зүйл бүрийн ухааны эрдэм соёлд гэгээрч, улс төрийн хэрэгт оролцон явсан газаргүйн дээр өөрийн үндэсний ба бусад гадаад улсын хэл бичигт боловсрон төсөөлж үл чадсан нь эрхбиш таньж мэдвэл зүйлээс их л хоцрогдсон болох учир эдүгээх хууль дүрмийн ёсоор байгуулсан аливаа засаг захиргааны газрууд ба шүүх таслах газруудтай хэрхэн харилцах, аливаа хэрэг явдлаа тогтоон шийтгүүлэхэд тэр бүр зам мөрийг олж ухварлаж чадаагүйгээс боогдох гачигдах байдал бүхий нь нэн ялангуяа хол ойрын хөдөө нутгийн ядуу бүдүүлэг Монголчууд элдэв уналга хөсөг зэргийг хэрэглэн аж төрөх амьдарлагыг эрмэлзэн хүсэж төв Улаанбаатар хотын зэрэг газраа ирээд зальт этгээдэд мэхлэгдэх зэргийн гэм будлиан гарахад чухам хаана очиж, хэрхэн мэдүүлэх учир тулгуурыг олохгүй байсаар харин ховдог шунахай этгээдэд үлэмж үнэ хөлс өгч өргөдөл бичиг зэргийг бичүүлэхээр үл барам хэл бичиг үл мэдэх гадаадын хүмүүс хэрэг тохиолдох бүр бусдад үлэмж үнэ хөлс өгч зааварлуулах ба бичүүлэх, төлөөний заалдагчийг хэрэглэх явдал илэрч үзэгдсээр буйгаас гадна, ойрноос Улаанбаатар хотод суугаа зарим нэгэн гадаадын хүмүүс монгол бичиг орчуулах зэрэг энэ мэт явдлыг ямагт амьдарлага болгон үйлдэл бусдаас үлэмж тооны төгрөг мөнгийг хэмээн авч, төлөөний заалдах буюу аливаа зарга заальхай тухай албаны газруудад мэдүүлэх өргөдөл бичиг зэргийг бичиж, ашгийг эрмэлзэн байгаа тул эдгээр зүйлийн гачигдал зүтгүүрт хүргүүлэхгүй амар дөхөм бодож аливаа цааз хууль ба заавар дүрэм зэрэг зүйлүүдийг тайлбарлах мэтээр дотоод, гадаадын хүмүүст нэгэн адил тусламж үзүүлнэ.
Хоёр. Тус бүлгэмийн эл зорилго дүрмийн ёсоор явуулсан элдэв хэрэг явдал олонд тустай бөгөөд нэгэнтээгүүр чанар мах бодтой газар болж хөгжих аваас хирд ардын шүүх таслах газрууд байгуулсан хөдөө орон нутгийн засаг захиргааны газруудын дэргэд зүй зохисоор тодорхой заавар олгож салбаруудыг байгуулна.Тайлбарлах нь: Бүлгэмийн эрхлэх товчооноос тогтоож, урьдаар зохих газраас зөвшөөрөл авч гүйцэтгэнэ.
Гурав. Тус бүлгэмийн газраа тэмдэг дугаартай байвал зохино.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Бүлгэмийн эрх үүргийн тухай
Дөрөв. Олон ардын дотроос аливаа эрүүгийн ба иргэний хэрэг зарган зүйлд тохиолдсон этгээд хэрхэн хаана очвол зохих ба ямар янзын хэрэг болох, хэрхвэл тусыг олох, бас учир утгыг тайлбарлаж зөвлөлийг өгнө.
Тав. Аливаа засаг захиргааны газар буюу шүүх таслах газруудад мэдүүлэх өргөдөл бичиг хуудас зэргийг хүссэн ёсоор бичиж өгнө.
Зургаа. Ямарваа нэг хүн, хэргийн учир шүүх таслах газраар заалдах тухайд төлөөнөө заалдах өмгөөлөгчийг хэрэглэх аваас тус бүлгэмээс тусгай хүнийг томилон явуулж тусална.
Долоо. Аливаа худалдаа наймааны буюу ард олны хоорондоо харилцан тогтоох бичиг зэргийг зохион бичнэ.
Найм. Мөн Oрос, Хятадын зэрэг гадаад улсын харьяат нарын аливаа газруудад мэдүүлэх өргөдөл хуудас зэргийг монгол хэл бичигт оруулж өгнө.
Ес. Тус улсын засгийн газраас нийтэлж бүхий цааз хууль ба заавар, дүрмүүдийн утга чанарыг ард олонд тайлбарлан таниулах явдлыг дашрамд хичээвэл зохино.
Арав. Тус бүлгэмийн дэргэд монголын эрт, эдүгээгийн цааз хууль, дүрэм зэрэг зүйлүүдийг сурч судлах салбар бүлгэм байгуулж сайн дураар гишүүдийг элсүүлэн оруулж, мөн чадвартай сайн хүнээр тайлбарлуулан сургуулиулах зэргээр аливаа шүүх таслахын зэрэг албан яамны газруудад хэрэглэгдэх хүмүүсийг бэлтгэхийг хичээнэ.
Тайлбарлах нь: Дөрөв, тав, зургаа, долоо, найм дахь зүйлүүдэд дурьдсан туслах явдлуудыг гүйцэтгэхэд зохих татвар эрхбиш бусдаас хямд хялбараар хураах бөгөөд мөнхүү татварыг улсын бодлогоор ард олны байдлыг харгалзан эрхлэх товчооноос тогтоож зохих газраар батлуулан журамлан дагаж явна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Бүлгэмийн зохион байгуулах тухай
Арван нэг. Энэхүү бүлгэмийн дүрмийг зохих газраа явуулан батлуулмагц уг дүрмийн ёсоор нээн байгуулж, эрхлэх хэрэг явдлаа бүлгэмээс хөдөлгөн явуулна.
Арван хоёр. Тус бүлгэмийн хэргийг түр цагийн төв товчоо эрхэлнэ. Энэхүү товчоонд 3 хүнийг сонгон суулгаж, элдэв хэргийг эрхлүүлэн удирдуулж гүйцэтгүүлэх бөгөөд үүний нэг нь товчооны эрхлэгч, хоёрдахь нь эрхлэгчийн орлогч, гуравдахь нь нарийн бичгийн дарга бөгөөд нягтлан бодогч байна.
Үүнд тайлбарлах нь: Аливаа шүүх таслах газрын албан хаагчдыг энэ товчооны гишүүн ба албан хаагчдад томилж үл болно.
Арван гурав. Түр цагийн төв товчооны эрхлэгчдийн гүйцэтгэх хэрэг бол бүлгэмийн байран суух орон байшинг олох ба гишүүнийг элсүүлэх, энэ бүлгэмийг байгуулсан явдлыг олонд сонсгох зэргийн энэ бүлгэмд холбогдох ба гүйцэтгэх явдлуудыг цөмийг эрхэлнэ.
Арван дөрөв. Орос, хятад хэл бичгийн боловсронгуй орчуулагчийн зэрэг албан хаагчдыг зүй ёсоор томилон авах эрхтэй болно.
Арван тав. Тус бүлгэмийн түр цагийн товчооны газар өдөр бүр ээлжлэн суух жижүүрийн хүмүүс байвал зохино.
Арван зургаа. Тус бүлгэмийн газрын албан хаагчид буюу элсэн орсон гишүүд дээр дурьдсан зорилго бүхий явуулах хэргүүдийг түүгээр гэрийн газраар авч амьдарлага болгон үйлдэж үл болно. Хэрэв дүрмээс зөрчсөн нь илэрвэл хууль дүрмийн ёсоор шийтгүүлбэл зохино.
Арван долоо. Гадаадын ба дотоодын хүмүүсийг төлөөнөө заалдагч буюу өмгөөлөгчөөр томилох эрхтэй боловч гадаадын хүнийг эл хэрэгт томилохдоо эрхбиш гүйцэтгэх хэргийн үүргээс мэдэхээс гадна Монголын хууль, дүрэмтэй танилцсан итгэмж бүхий хүмүүсийг болохыг нь үзэж томилон одуулах бөгөөд тухай дор тус бүлгэмээс үнэмлэх бичиг шийтгэн олгож гүйцэтгүүлбэл зохино.
Арван найм. Тус бүлгэмийн газраас аливаа хууль дүрмээс үл ухах зүйлүүдийг Шүүх явдлын яамнаас тодорхой заавар авах ба мөнхүү яамнаас өгч ёсчлон гүйцэтгүүлбэл зохино.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Гишүүдийг элсэн оруулах тухай
Хорь. Тус бүлгэмийн гишүүдэд Монголын харьяат, эрэгтэй, эмэгтэй /18-аас дээш насны/ бичиг үсэг мэдэх ба мөнхүү бүлгэмийн дүрмийг зөвшөөрөх бөгөөд харьяат бүлгэмийн тогтоосныг дагах, шударга этгээдийг гишүүнд оруулан авна.
Хорин нэг. Тус бүлгэмийн дүрмийг зөрчиж сахилгаас гажуу явж бүлгэмийн нэрийг гутаасан гишүүдийг даруй хөөн зайлуулна.
Хорин хоёр. Бүлгэмийн гишүүнээс хөөн гаргах явдлыг түр цагийн товчооны эрхлэгчдийн бүгд хурлаар хянан гүйцэтгэнэ.
Хорин гурав. Аргагүй учир тохиолдвол товчооны газраас зарлалыг гаргаж, бүлгэмийн бүх гишүүдийн хурлыг хуралдуулах бөгөөд дээрх ес, аравдугаар зүйлүүдэд дурьдсан хэргүүдийг даалган гүйцэтгүүлэхээс гадна бусад хэргүүдийг ч хэлэлцээд гүйцэтгэж болно.
Хорин дөрөв. Бүх гишүүдийн хурлыг зарлахдаа хуралдах өдөр цагийг тодорхойлох ба хаана хуралдах ямар ямар зүйлийн хэргүүдийг хэлэлцэх ба шийтгэхийг тодорхойлон зарлавал зохино.
Хорин тав. Энэхүү бүлгэмийн гишүүн бологсод цаг ямагт сахилга дүрмийг батлан хамгаалж, дээрх арван зургадугаар зүйлд дурьдсан гэмт хэрэг явдлыг сэргийлэн цээрлэж явбал зохино.
ТАВДУГААР БҮЛЭГ
Санхүүгийн тухай
Хорин зургаа. Тус бүлгэмийн санхүүгийн үндэс бол мөнхүү бүлгэмийн элдэв зүйлийн орлого болно.
Хорин долоо. Энэхүү орлогоос албан хаагчид цалин хэрэглэлийн зэргийг гүйцэтгэхээс гадна данс бодох тухайд үлдсэн зүйлийг тус бүлгэмийн орлого болгон хураалгаж гүйцэтгүүлнэ.
Хорин найм. Тус бүлгэмийг анх нээж байгуулах тухайд албан хаагчдын цалин зэргийг тус бүлгэмийн бүх хэргийг эрхэлсэн газраас түр гүйцэтгэнэ.
Монгол улсын 18 дугаар он таван сарын хорин таван
18 дугаар он 5 дугаар сарын 25-нд Засгийн газрын 15 дугаар хурлын 3 дугаар зүйлд, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 70 дугаар хурлын тогтоолын 1 дүгээр зүйлд баталжээ.
БНМАУ-ын Засгийн газрын албаны сэтгүүл, УБ.,1928 он. № 42 дугаарт нийтлэгдсэн.