ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол улсын Их хурлын 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг баталсан байна.
Уг хуулиар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалах, уг барьцааны эрхийг бүртгэх, барьцааны шаардлагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан. Хууль батлагдсанаар хөдлөх болон бусдад шилжүүлж болох эдийн бус хөрөнгө, тухайлбал хувьцаа, үнэт цаас, шаардлага буюу авлага, оюуны өмч барьцаалах замаар хөрөнгийн эргэлт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Харин ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалахтай холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар, зохицуулалттай зах зээл дэх үнэт цаас барьцаалахтай холбогдсон харилцааг үнэт цаасыг зохицуулах, хянах эрх бүхий байгууллагын тогтоосон журмаар тус тус зохицуулна.
Нэг. Барьцааны талууд, барьцаагаар хангах үүрэг болон барьцааны зүйлийн тухайд
Барьцаалагч нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд өөрийн шаардлагыг хангуулах үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалсан иргэн, хуулийн этгээд байх бөгөөд барьцаалуулагч нь үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалуулсан иргэн, хуулийн этгээд байна.
Хуульд зааснааар барьцааны зүйл нь иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа, эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар болон бусад хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө байж болно.
Хоёр. Барьцааны эрх үүсэх үндэслэл, барьцааны гэрээ болон барьцааны баталгаажилтын тухайд
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаа нь хуульд зааснаар, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүснэ. Гэрээний үндсэн дээр үүсэх барьцааны эрх нь барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд барьцааны гэрээг бичгээр байгуулснаар үүсэх бөгөөд барьцааны үед барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлж болно.
Барьцааны гэрээнд барьцаалагч, барьцаалуулагч, эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, баталгаажуулсан байх бөгөөд бичгээр байгуулаагүй барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна. Барьцааны гэрээнд барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхээр заасан бол барьцааны зүйлийг барьцаалагчийн буюу түүний итгэмжилсэн төлөөлөгчийн эзэмшилд шилжүүлснээр барьцаа баталгаажна.
Барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна.
Гурав. Барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх журам
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэлийн байгууллага цахим мэдээллийн санд бүртгэж бүртгэлийн дугаар олгох бөгөөд барьцааны мэдэгдлийг барьцаалагч, эсхүл түүний төлөөлөгч цахим хэлбэрээр бүртгүүлнэ.
Барьцааны мэдэгдлийн бүртгэл нь зөвхөн тодорхой өмчлөгчийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн хувьд барьцааны эрх үүссэнийг нийтэд мэдэгдэх, барьцааны эрхийн дараалал тогтоох зорилготой бөгөөд сонирхогч этгээд барьцааны гэрээний агуулгын талаар барьцаалагч, эсхүл барьцаалуулагчаас тодруулга хүсч болно.
Барьцаалагч барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх зөвшөөрлийг барьцаалуулагчаас бичгээр авах бөгөөд барьцаалагч болон барьцаалуулагч бичгээр харилцан тохиролцсон бол барьцааны мэдэгдлийг барьцааны гэрээ байгуулахаас өмнө, эсхүл барьцааны гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгүүлж болно.
Тус цахим мэдээллийн сан нь барьцааны талаар мэдээлэл авах, хайлт хийхэд олон нийтэд нээлттэй байх бөгөөд цахим мэдээллийн санд бүртгэгдсэн барьцааны мэдэгдэл нийтэд нээлттэй болсон үеэс хүчин төгөлдөр болно.
Тус хуулийг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульд заасан.
Гэвч хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад барьцааг бүртгэх цахим мэдээллийн сангийн программыг боловсруулж, цахим санг байгуулах ажил хийгдээгүй байгаа тул тус хуулийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их хурлын даргад өргөн барьсан байна.