ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛИЙН ТАЛААР

    Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг 2002 онд батлагдсан Газрын тухай хуулиар зохицуулдаг.

Тус хуульд зааснаар газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь дараах зөрчлийг гаргасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. Үүнд:

1. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

2. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;

3. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй;

4. Газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;

5. Шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй;

6. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, хуульд заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон.