ГЭМТЛИЙН ЗЭРГИЙГ ТОГТООХ ЖУРАМ

   Шинжлүүлэгчийн биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлийн шинжүүдэд заасан шалгуур шинжийн аль нэг илэрвэл энэ нь гэмтлийн зэрэг тогтоох хангалттай үндэслэл болно.

1.Гэмтлийн зэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн ангиллаар тогтоох бөгөөд дараах үндсэн шалгуур шинжээр гэмтлийн зэргийг тогтооно. Үүнд:

     -Амь насанд аюултай эсэх;

     -Эрүүл мэндийн байдлыг сарниулсан хугацаа;

     -Гэмтлээс үүссэн үлдэц уршиг байгаа эсэх;

     -Хөдөлмөрийн чадвар алдалт.

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:

     -Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан;

     -Хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр буюу 5-15% тогтонги байдлаар алдагдсан;

2.Гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:

     -Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан буюу удаан хугацаагаар сарниулсан;

    -Хөдөлмөрийн ерөнхий чадвар үлэмж хэмжээгээр буюу 15-35% тогтонги байдлаар алдагдсан.

3.Гэмтлийн "хүнд" зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараахь шалгуур шинжээр тогтооно. Үүнд:

     -Амь насанд аюултай гэмтэл учруулсан;

     -Амь тэнссэн байдал үүсгэсэн;

     -Гэмтлээс их хэмжээний үлдэц, уршиг үүссэн;

    -Хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр буюу 35-100% тогтонги байдлаар алдагдсан.

   Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг (биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй) зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, өнгөц шарханд гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно.