ГАДААДЫН ИРГЭН АЛБАН ХЭРГЭЭР МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ ЖУРАМ

   Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн болон гадаад улс, олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэнд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус улсад оршин суух зөвшөөрөл олгож, хугацааг нь сунгана.

   Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Төрийн байгууллагын урилгаар ирсэн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох, хугацааг нь сунгах асуудлыг уригч байгууллагын хүсэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ” гэж заасны дагуу албан хэргээр оршин суух гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

   Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага албан хэргээр оршин суух зөвшөөрлийг 1 жил хүртэл хугацаагаар олгож, сунгана.

   Албан хэргээр оршин суух гадаадын иргэн зохих мэдүүлгийн хуудас бөглөхөөс гадна дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

-Уригч төрийн байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг;

-Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);

-3x4 см хэмжээний 2 хувь гэрэл зураг;

-Паспорт, түүний хуулбар;

-Гэр бүлийн гишүүдийн хамт ирэх тохиолдолд гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох хууль ёсны бичиг баримтын эх хувийг хуулбар болон орчуулгын хамт.