КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ЭРХ, ҮҮРЭГ

   Компанийн тухай хуульд компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүрэг, оролцоог илүү нарийвчилсан зохицуулсан байдаг.

   Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг тус зөвлөлийн даргын санал болгосноор төлөөлөн удирдах зөвлөл томилно. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан байх бөгөөд дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

1/ хувьцаа эзэмшигчдийн хурлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн бичиг хэргийг хариуцан хөтлөх, хувьцаа эзэмшигчид мэдээлэл хүргэх;

2/ хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах, хурлын зар, хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл болон гарах шийдвэрийн төсөл, бусад баримт бичгийг зохих журмын дагуу бэлтгэх, хүргэх ажлыг зохион байгуулах;

3/ хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хөтлөх, гарах шийдвэрийг зохих журмын дагуу баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

4/ хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал болон бусад оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах ажлыг зохион байгуулах;

5/ төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод үйл ажиллагааг хариуцан зохицуулах.

   Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын эзгүйд түүнийг орлох этгээдийг томилон ажиллуулна. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь компаний эрх бүхий албан тушаалтанд тооцогдоно.

            Тиймээс төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашдаг болон ял шийтгэл эдэлж байгаа этгээдийг ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллахыг хориглоно.