МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ГАДААДАД ЯВАХАД МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Энэхүү журмыг Монгол Улсын Их Хурлын гишүүн гадаадад Улсын Их Хурал, Монголын парламентын бүлгэмийн шугамаар айлчлал хийх, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын хийх төрийн болон албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орох, олон улсын хурал, зөвлөлгөөн болон бусад арга хэмжээнд оролцох, өөрийн сонгогдсон тойргийн болон хувийн ажлаар явах, амрах, эмчлүүлэх зорилгоор гадаадад явахад мөрдөнө.
Улсын Их Хурлын гишүүн албаны болон хувийн ажлаар гадаадад явах тухай бүрд зөвшөөрөл хүссэн хүсэлтээ явахаасаа ажлын таваас доошгүй өдрийн өмнө Улсын Их Хурлын даргад албан бичгээр ирүүлнэ. Хэрэв амралтын өдөр Улсын Их Хурлын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар гадаадад явах зайлшгүй шаардлага гарвал зөвшөөрөл хүссэн албан бичгээ тухайн 7 хоногийн ажлын эхний өдөрт багтаан Улсын Их Хурлын даргад нөхөн өгч болно.
Улсын Их Хурлын гишүүний гадаадад явах асуудлыг Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж шийдвэрлэнэ.
Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүнийг гадаадад явах зөвшөөрөл олгохдоо түүний хариуцан боловсруулж, хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл, хуралдааны ирц, гадаадад явсан байдал, харьяалагдаж байгаа нам, эвслийн бүлгийн санал болон дараах зүйлийг үндэслэн шийдвэр гаргана:
- Улсын Их Хурлын гишүүн аль улсад, ямар хугацаагаар, ямар ажлаар, хаанахын зардлаар явах тухайгаа дурдаж зөвшөөрөл хүссэн албан бичиг.
- Улсын Их Хурлын гишүүнийг урьсан урилга, эсхүл албан бичиг.
- Тухайн арга хэмжээ Улсын Их Хурлын гадаад арга хэмжээний төлөвлөгөөнд туссан эсэх, төсөвлөсөн зардал байгаа эсэх/хувийн хэргээр зорчихоос бусад тохиолдолд/.
- Гадаадад явж эмчлүүлэх, оношлогоо хийлгүүлэх тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бичгээр гаргасан хүсэлт, шаардлагатай тохиолдолд Клиникийн нэгдсэн II эмнэлгийн Гадаад эмчилгээний комиссын хурлын шийдвэр.
Улсын Их Хурлын даргын эзгүйд түүнийг орлож байгаа Улсын Их Хурлын дэд дарга энэ журамд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнийг гадаадад явах тухай захирамжийг гаргана.
Улсын Их Хурлын гишүүн төрийн болон албан ёсны айлчлалын
төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орох
Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын гадаад улсад хийх төрийн болон албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орох Улсын Их Хурлын гишүүнийг Улсын Их Хурлын дарга тухайн айлчлал эхлэхээс арваас доошгүй хоногийн өмнө томилж захирамж гаргана.
Айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж байгаа Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаагаас бусад Улсын Их Хурлын гишүүний зардлыг Улсын Их Хурал хариуцна.
Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын даргын айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орох
Улсын Их Хурлын даргын гадаад улсад хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тухайн айлчлалын онцлогийг харгалзан Улсын Их Хурлын тав хүртэл гишүүн орж болно.
Айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд айлчлал хийх улсын парламенттай харилцах бүлгийн дарга, гишүүдээс голлон оруулах зарчим баримтална.
Айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг айлчлал эхлэхээс арваас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурлын дэд дарга захирамжаар батална.
Улсын Их Хурлын гишүүн парламент хоорондын харилцааны шугамаар гадаадад явах
Улсын Их Хурлын болон Монголын парламентын бүлгэмийн гадаад арга хэмжээний батлагдсан төлөвлөгөөний дагуу гадаад улсын парламентад ажлын айлчлал хийх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орох Улсын Их Хурлын гишүүдийн тоо дөрвөөс илүүгүй байх, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тухайн улстай харилцах парламентын бүлгийн дарга, гишүүдээс голлон оруулах зарчим баримтална.
Улсын Их Хурлын хэд хэдэн гишүүдээс бүрдсэн төлөөлөгчид гадаадад албан ажлаар явах бол Улсын Их Хурлын дарга төлөөлөгчдийн тэргүүнийг томилно.
Улсын Их Хурлын гишүүн дотоод, гадаадын байгууллага, сангийн шугамаар гадаадад явах тухай
Улсын Их Хурлын гишүүн дотоод, гадаадын байгууллага, сангийн шугамаар гадаадад явах бол Улсын Их Хурлын даргаас зөвшөөрөл авна.
Улсын Их Хурлын дарга тодорхой үндэслэл, шалтгааны улмаас Улсын Их Хурлын гишүүнийг дотоод, гадаадын байгууллага, сангийн шугамаар гадаадад явахыг зөвшөөрөх боломжгүй бол энэ тухайгаа
Улсын Их Хурлын гишүүнд өөрөө, эсхүл гадаад харилцааны хэлтсээр дамжуулан мэдэгдэнэ.
Улсын Их Хурлын гишүүн хувийн ажлаар гадаадад явах тухай
Улсын Их Хурлын гишүүн хувийн ажлаар гадаадад явахтай холбогдох зохион байгуулалтын бүх ажлыг тухайн Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах хариуцна.
Гадаадад албан ажлаар явсан тухай тайлагнах
Улсын Их Хурлын даргын гадаад улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
Улсын Их Хурлын дэд дарга, Байнгын хорооны дарга, Улсын Их Хулын гишүүн Улсын Их Хурлын шугамаар гадаадад айлчлах, албан ажлаар явахад Гадаад харилцааны хэлтсийн ажилтан дагалдан яваагүй тохиолдолд тухайн Улсын Их Хурлын гишүүн гадаадад явсан тухай илтгэх хуудас, уулзалт ярианы тэмдэглэл, тайлангаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу гаргана.
Илтгэх хуудас, тайланд удирдамжийн хэрэгжилт, үр дүн, анхаарвал зохих асуудал, цаашид авах арга хэмжээний саналыг тодорхой тусгана.
Улсын Их Хурлын гишүүн гадаадад албан ажлаар явж ирээд ажлын гурван өдөрт багтаан томилолтын зардлын тооцоог Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэстэй хийнэ.
Бусад зүйл
Айлчлалын болон гадаадад албан ажлаар явах төлөөлөгчдийн бүрэлдэхүүний тоог Улсын Их Хурал дахь нам, эсвлийн бүлгийн гишүүдийн тоог харгалзан тогтоох ба аль нэг бүлэгт харьяалагддаггүй Улсын Их Хурлын гишүүнийг гадаад томилолтод ээлжлэн оролцуулах зарчмыг баримтална.
Улсын Их Хурлын гишүүн гадаадад явахдаа Улсын Их Хурлын дарга, дэд даргаас зөвшөөрөл авч захирамж гаргуулаагүй бол захирамжийг нөхөж гаргахгүй.
Улсын Их Хурлын гишүүн гадаадад явахад дараахь зарчмыг баримтална:
- Хувийн хэвшлийн байгууллага, хувь хүний зардлаар гадаадад явахгүй байх.
- Тухайн үед Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй холбоотой гадаад улсын иргэн, аж ахуйн нэгжийн зардлаар явахгүй байх.
- Улсын Их Хурлын даргын захирамжаар зөвшөөрөгдсөн улсаас өөр улсад зорчих, гадаад томилолтыг өөрчлөх, Улсын Их Хурлын бусад гишүүнтэй томилолтоо солих, зөвшөөрөгдсөн хугацаа, батлагдсан томилолтын зардлыг хэтрүүлэхгүй байх.
Улсын Их Хурлын гишүүн захирамжгүйгээр гадаадад явснаар Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцоогүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсанд тооцогдоно.
Улсын Их Хурлын дарга зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы үеэр Улсын Их Хурлын гишүүнийг гадаадад явахыг түр хугацаагаар зөвшөөрөхгүй байж болно.
Улсын Их Хурлын даргын зөвшөөрөлгүйгээр Улсын Их Хурлын гишүүн гадаадын зочин төлөөлөгчийг Улсын Их Хурлын нэрийн өмнөөс урихыг хориглоно.