ШИНЭЭР БАРИГДАЖ БУЙ ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХАД АНХААРАХ ЗҮЙЛ

   Иргэд шинээр баригдаж буй орон сууц худалдан авахдаа дараах зүйлсийг урьдчилан судалж мэдсэн байвал зохино. Үүнд:

   1.Хот төлөвлөлтөд тусгагдсан орон сууцны барилгын ерөнхий зураг, төсөл;

   2.Тухайн орон сууцны барилгын санхүүжилтын талаарх мэдээлэл. Энэ тухай барилгын захиалагч компани, хувь хүнээс мэдээлэл гаргуулж авахаас гадна хөрөнгө оруулалт шийдвэрлэхдээ банк санхүүгийн байгуулагад барьцаалсан эсэхийг холбогдох төрийн байгууллагад хандан лавлагаа авч болно;

   3.Барилга баригдахтай холбоотой аливаа зөвшөөрлүүд тухайлбал, барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсаныг нягтлах;

   4.Барилгын ажил гүйцэтгэгч компанийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдал.

Эдгээрийг нягталж шалгах нь орон сууц баригдахгүй байх, ашиглалтад орохгүй удаан хугацаагаар хойшлох, баригдаж дууссаны дараа эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ олгогдохгүй байх зэрэг практикт гарч буй зөрчил гарахаас сэргийлэх боломжтой.

   Үүний дараа захиалгын гэрээ байгуулахдаа орон сууцны байршил, хэмжээ, нэгжийн үнэ, төлбөрийн хуваарь, ашиглалтад орох хугацаа болон бусад нөхцлийг тохиролцдог. Практикт орон сууцны захиалгын гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ, худалдах худалдан авах гэрээ зэрэг олон нэршилтэй байгаа ч зохицуулалтын хувьд худалдах, худалдан авах гэрээ юм. Иргэд, барилгын компанийн хооронд үүсдэг гэрээний нийтлэг маргаан бол өмнө дурьдсан нэршлээс үл хамааран орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас дутуу байх, нэгжийн үнэ тогтоохгүйгээр багцын үнэ тохиролцох зэрэг болно. Орон сууцны талбайн нэгжийн үнийг гэрээнд тодорхой оруулах, талбай хэмжих аргачлалыг тухайлан заах, тодруулбал, Монгол улсад мөрдөгдөж буй стандартын дагуу хэмжих тухай заалт оруулах хэрэгтэй.

   Барилга баригдаж дууссаны дараагаар биет байдлын болон эрхийн доголдолгүй орон сууцыг хууль, гэрээнд заасан нөхцлийн дагуу хүлээж авахад дээр дурьдсанаар судалж, нягтлах нь аливаа эрх зүйн сөрөг үр дагавраас сэргийлнэ.