ЦЭРГИЙН АЛБЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ЖУРАМ

   Энэхүү журмыг Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоолын хавсралтаар батласан бөгөөд журам нь 7 бүлэг 29 зүйлтэй байна. Журмаар Монгол Улсын 18-25 насны, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэг бүхий иргэн өөрийн хүсэлтээр орон нутаг дахь батлан хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн онцгой байдлын асуудал хариуцсан чиг үүрэг бүхий алба, мэргэжлийн анги, салбар, хилийн цэрэгт туслах хүчин, хүмүүнлэгийн бусад байгууллагад цэргийн албыг дүйцүүлэн хаахтай холбоотой харилцааг наривчлан зохицуулахыг зорьжээ.

Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэний сургалт, дадлага, орон нутаг дахь батлан хамгаалах үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах дайчилгаа, цугларалт болон хил хамгаалалтад оролцсоныг үүргээ гүйцэтгэсэнд тооцно. 

Дараах шалтгаанаар иргэнийг дүйцүүлэх албанд элсүүлж болно. Үүнд:

а) сүм, хийдэд албан ёсоор шавилан суугаа; 

б) шашин шүтлэг-ёс зүйн шалтгаанаар цэргийн жинхэнэ алба хаах боломжгүй болохыг цэрэг татлагын товчоо тодорхойлсон; 

в) хил орчмын нутагт байнга оршин сууж хил хамгаалалтад туслах гишүүний үүргийг биелүүлдэг. 

Иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаахыг хүссэн өргөдлөө сум, хорооны Засаг даргаар уламжлан харьяалагдах цэрэг татлагын товчоонд гаргана. 

Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэн нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийн дагуу дараах үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:
 
а) орон нутаг дахь батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцох; 
б)   аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг (ой, хээрийн түймэр, усны үер, ган, зуд, цөлжилт, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, дэлбэрэлт, цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодис алдагдах зэрэг)-ийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэдгээрээс хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, түүнтэй тэмцэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцох; 
в) хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулахад дэмжлэг үзүүлэх; 
г) улсын хилийн бүс, зурваст улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад оролцох; 
д) хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх; 
е) улс орны хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүтээн босголтын ажилд зохион байгуулалттай оролцох. 

Дүйцүүлэх алба хааж байгаа иргэн дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

а) томилгоот үүргээ биелүүлэх мэдлэг, чадвар эзэмшсэн байх; 
б) цэргийн албыг дүйцүүлэн хаах хугацаанд өөрийн ажил, амьдралыг албаны эрх ашигт нийцүүлэн зохицуулах; 
в) даалгасан үүргийг шударга, хариуцлагатай биелүүлэх; 
г) дайчилгаа зарласан болон цугларах дохио хүлээн авмагц заасан газар, тогтоосон хугацаанд хувийн бэлтгэлээ бүрэн ханган хүрэлцэн ирж, оногдуулсан үүргийг гүйцэтгэх; 
д) тухайн орон нутгаас 5-аас дээш хоногоор гадагш явах тохиолдолд заавал аймаг, дүүргийн Цэргийн штаб эсхүл сумын Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авах; 
е) сум, дүүргийн Засаг дарга, алба хаалгагч байгууллагын удирдлагын шийдвэрийг биелүүлэх; 
ж) оногдуулсан үүрэгтэй нь холбоотой зөрчил гарсан үед энэ тухай сум, дүүргийн Засаг дарга, алба хаалгагч байгууллагын удирдлагад шуурхай мэдэгдэх.

Түүнчлэн уг журмаар цэргийн дүйцүүлэх алба хаах ажиллагаатай холбогдуулан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, алба хаалгагч байгууллагын чиг үүргийг нарийвчлан зохицуулсан байна. 

Зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан газарт ирээгүй, сургалт, цугларалт, дайчилгаанаас зайлсхийсэн болон энэхүү журмыг зөрчсөн цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэнийг уг албанаас хасч, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийтгэл ногдуулна. 
Түүнчлэн журамд цэргийн дүйцүүлэх албанаас хасагдсан иргэн цэргийн жинхэнэ алба хаах үүргээс чөлөөлөгдөхгүй байхаар заасан байна.