АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР АВАХ, ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ОЙЛГОЛТ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө ажлын байрны төлбөрийг энэ хуулийн 9.2-т заасан хэмжээгээр төлнө”, 9.2-д “Ажлын байрны төлбөрийн хэмжээ нь 1 сард гадаадын иргэн бүрт Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна” гэж тус тус заасны дагуу гадаадын иргэнийг ажлын байраар хангаж орлого бүхий ажил үйлчилгээний эрхлүүлсний төлөө ажлын байрны төлбөрийг төлнө.
“Ажлын байрны төлбөр” гэдэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө хуулиар ногдуулсан төлбөрийг ойлгоно.
Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөхтэй холбогдсон харилцааг Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №41 дугаар тогтоолоор батлагдсан “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”-аар зохицуулна.
Гадаадын иргэнд сар бүр ногдуулах ажлын байрны төлбөрийн хэмжээ нь 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухай хуулийн этгээдэд ажиллагсдын 10 хувиас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө.
Дараах гадаадын иргэнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө. Үүнд:
v Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн болон консулын газрын ажилтан, түүний гэр бүл;
v Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газар (НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын салбар гэх мэт)-т ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүл;
v Боловсролын байгууллага, шинжлэх ухааны салбарт гэрээгээр ажиллаж байгаа гадаадын зөвлөх, мэргэжилтэн, багш, эрдэм шинжилгээний ажилтан;
v Засгийн газар хоорондын гэрээнд заасан тохиолдолд уг гэрээний дагуу ажиллаж байгаа мэргэжилтэн, ажилтан; 3.1.5. Монгол Улсын олон улсын гэрээ болон төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу ажиллаж байгаа сайн дурын ажилтан;
v Хууль ёсны зөвшөөрөл авч Монгол Улсад хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын төрийн бус (ашгийн бус) байгууллагын ажилтан.
v Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, гишүүн, удирдах бүрэлдэхүүний 3 хүртэлх төлөөлөгчийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг үндэслэн ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө
v Байгалийн гамшиг, сүйрлийн хор хөнөөлийг арилгахад шаардагдах ажиллах хүч, мэргэжилтнийг дотоодоос хангах бололцоогүй нөхцөлд гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулах бол Засгийн газрын шийдвэрээр ажлын байрны төлбөрөөс чөлөөлж болно.
Дараах тохиолдод ажлын байрны төлбөрөөс хөнгөлнө. Үүнд:
v 3.4. Эдийн засагт онцгой ач холбогдол бүхий шинэ технологи нэвтрүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн үйлдвэрлэл эрхлэх, нийтийн хэрэглээний зориулалттай төмөр зам, нисэх буудал, цахилгаан болон дулааны станц, олон улсын сүлжээний дээд зэрэглэлийн зочид буудал, метро барих бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэхэд гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулах тохиолдолд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газрын шийдвэрээр ажлын байрны төлбөрөөс чөлөөлж, хөнгөлж болно.
v 3.5. Төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлагийн урилга болон гэрээний дагуу судалгаа, шинжилгээ хийлгэх, зөвлөгөө авах зорилгоор гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах тохиолдолд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр ажлын байрны төлбөрийг 50 хувь хөнгөлнө.
Гадаадын ажилтан, мэргэжилтнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөхөд Монгол Улсын олон улсын гэрээ, Засгийн газар, яам, Засгийн газрын агентлагийн байгуулсан гэрээ, тухайн иргэний мэргэжлийн диплом, үнэмлэх, байгууллагын хүсэлтийг тус тус үндэслэнэ.
Монгол Улсад албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч, цагаач иргэн болон Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэнээс энэ журамд заасан төлбөрийг авахгүй.
Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан гадаадын иргэн тухайн байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, буцсан тохиолдолд уг байгууллагын хүсэлт болон иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг үндэслэн урьдчилан төлсөн төлбөрийн зөрүүг тухайн төсвийн жилд багтаан буцаан олгоно.