ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2017 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТУХАЙ

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №68 дугаар тогтоолоор баталлаа.

    Мөн уг тогтоолоор Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, банкны тогтолцооны эрсдэл даах чадварыг сайжруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнд үүрэг болгож, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус даалгасан байна. Үүнд:

1/валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлж, ил тод, үр ашигтай байдлыг хангасан шинэ тогтолцоо бүрдүүлэх;

2/санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлэх;

3/санхүүгийн зах зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэн, шударга өрсөлдөөнийг дэмжих, ил тод байдлыг сайжруулах зорилгоор банкнаас бусад оролцогчийн үйл ажиллагаа, суурийг тэлж төрөлжүүлэх, шаардлагатай эрх зүйн орчныг шинэчлэх;

4/мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэн боловсронгуй болгох;

5/эдийн засгийн идэвхжилийг дэмжих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын банкны тогтолцоог хамгаалах, гадаадын банк, түүний салбар нэгж болон бусад төрөлжсөн банкны үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг судалж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

6/орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгон хөгжүүлэх, ипотекийн зээлийн хөтөлбөрийг макро эдийн засгийн төлөв байдалтай уялдуулан урт хугацаанд хэрэгжих боломжийг бүрдүүлэх.

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР

2017 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

      Мөнгөний бодлого нь улс орны хэмжээнд үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар даван туулж, макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулан эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

            1.Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:

            1.1.Мөнгөний бодлогын зах зээлд суурилсан хэрэгслийг ашиглан  хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2017-2019 онд жилийн 8 хувиас дээшгүй түвшинд байлгана.

            1.2.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн, уян хатан тогтох зарчмыг баримтална.

            1.3.Эдийн засгийн гадаад орчинд гарч болзошгүй огцом өөрчлөлтийг төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уян хатан бодлого, мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг ашиглан зохицуулж, гадаад валютын улсын нөөцийг зохих түвшинд хүргэн нэмэгдүүлнэ.

            2.Санхүүгийн салбарын тогтвортой байдлын хүрээнд:

            2.1.Санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор системийн тогтвортой байдлын үнэлгээг олон улсын  санхүүгийн байгууллагатай хамтран гүйцэтгэж, макро зохистой бодлогыг хэрэгжүүлнэ.

            2.2.Банкны салбарын төлбөр түргэн гүйцэтгэх болон эрсдэл даах чадварыг хадгалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

            3.Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд:

            3.1.Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах үүднээс Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлж, зөвлөлийн гишүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

            3.2.Монголбанкны бие даасан, хараат бус байдал, валют, үндэсний төлбөр тооцооны системийн зохицуулалтыг боловсронгуй болгоно.