АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА БОЛОН ТҮҮНИЙ САЛБАР, НЭГЖ ТАТАН БУУГДСАН, ОРОН ТОО ХАСАГДСАН, ЭСХҮЛ АЖИЛТНЫ ТООГ ЦӨӨРҮҮЛЭХ

Аж ахуй нэгж, байгууллага гэдгийг Иргэний хуульд заасан агуулгаар нь буюу хуулийн этгээдийн төрлөөр нь[1] авч үзвэл:

Дээрх бүх аж ахуй нэгж, байгууллага өөрийн үйл ажиллагааг эрхлэхдээ хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулах буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1 дэх заалтын дагуу “Ажил, албан тушаалын жагсаалт” батлан мөрдүүлэх замаар бүтэц, зохион байгуулалтаа тогтоож байна. Тухайлбал, Компанийн бүтэц, зохион байгуулалтыг батлах, өөрчлөх бүрэн эрхийг Хувьцаа эзэмшигчдийн хурал эсхүл Төлөөлөн удирдах зөвлөлөөс эдэлдэг бол нөхөрлөлийн бүтэц, зохион байгуулалтыг бүх гишүүдийн хурал хэрэгжүүлнэ. Харин төрийн бус байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг үүсгэн байгуулагч, удирдах зөвлөл, бүх гишүүдийн хурлаас батална. Мөн хоршооны бүтэц, зохион байгуулалтыг бүх гишүүдийн хурал баталж байна.

Хэдийгээр аж ахуй нэгж, байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг батлах, өөрчлөх эрх бүхий субьектүүд өөр өөр боловч бүтэц, зохион байгуулалтыг батлах, өөрчлөх бүрт тухайн байгууллагын ажилтны орон тоонд шууд нөлөөлж байна. Тухайлбал, байгууллага, аж ахуй нэгжид салбар, нэгж шинээр байгуулах эсвэл татан буулгах, ажлын байрны орон тоо нэмэх эсвэл хасах зэргээс шалтгаалан шинээр ажилтан авах, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шаардлага бий болдог.

Өөрөөр хэлбэл, тухайн ажилтнаас шууд хамааралгүй буюу аж ахуйн нэгж, байгууллагын бүтэц, зохион байгуулалт дахь өөрчлөлтийн улмаас хэрэгжинэ. Мөн аль байгууллагад ажиллаж байгаагаас үл хамаарч нийт ажилтнуудад  нийтлэг байдлаар тохиолдох боломжтой юм.

Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ажилтанд 1 (нэг) сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.

Дээрх үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар (хөдөлмөрийн дотоод журам болон бусад баримт бичигт өөрөөр заасан бол нэг сараас дээш хугацааны байж болно.)-ын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.



[1]Иргэний хууль., 2002 он 2-р дэд бүлэг