МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ, БУЦАХ ҮНЭМЛЭХ ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРМЫН ТУХАЙ

   Монгол Улсын дипломат, албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалахад энэхүү журмыг баримтлана.

Дипломат, албан паспорт нь Монгол Улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх баримт бичиг.

Дипломат, албан паспорт нь төрийн өмч байна

Дипломат, албан паспортанд ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр болон регистрийн дугаарын өмнөх үсгийн латин галигийн бичилтийг иргэний үнэмлэх болох иргэний бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагын тогтоосон стандартыг баримтлан бичнэ.

Дипломат, албан паспортыг эзэмших, хүчинтэй байх хугацааны тухай

   Дипломат, албан паспорт нь 5 хүртэл жилийн хугацаанд дэлхийн бүх улсад зорчиход хүчинтэй байх бөгөөд паспортанд дахин сунгалт хийгдэхгүй.

Монгол Улсын иргэн хоёр хүртэлх дипломат, албан паспортыг зэрэг эзэмшиж болно. Хоёр дахь паспортыг холбогдох байгууллагын албан ёсны хүсэлтийг үндэслэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгоно.

Дипломат, албан паспорт олгох байгууллага

   Дипломат, албан паспорт олгох, хүчингүй болгох ажлыг гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дипломат паспортанд, гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Консулын газрын захирал албан паспортанд, тэдгээрийн эзгүйд орлох эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.

Дипломат, албан паспорт олгох байгууллага

Дипломат паспортыг дор дурдсан албан тушаалтан эзэмшинэ:

  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга,  Ерөнхий сайд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд;
  • Төрийн өндөр албан тушаалын ТӨ-III-ТӨ-IҮ, ТӨ-IҮА зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр буюу нөхөр;
  • Төрийн өндөр албан тушаалын ТӨ-Ү-ТӨ-ҮI, ТӨ-ҮA-ТӨ-ҮIA зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр  буюу нөхөр;
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд төрийн тусгай хамгаалалтад байх хугацаанд;
  • Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дипломат албан тушаалтан;
  •  ТЗ-14, AA-I, ТҮ-14 зэрэглэлийн албан тушаалтан;
  • ТТ-18 зэрэглэлийн албан тушаалтан;
  • Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан болон тэдгээрийн эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд; 
  • Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой хүн, түүний эхнэр буюу нөхөр;
  • Төр, засгийн тэргүүн нар гадаадад зорчиход дагалдан явах хамгаалалтын албаны ажилтан.

Албан паспортыг дор дурдсан албан тушаалтан болон тэдгээртэй адилтгах албан тушаал хашиж буй иргэн эзэмшинэ:

  • Төрийн албан тушаалын АА-2-АА-11 зэрэглэлд хамаарах албан тушаалтан ;
  • Төрийн захиргааны ТЗ-6-ТЗ-13 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
  • Төрийн үйлчилгээний ТҮ-11-13 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
  • Төр, засгийн тэргүүн нар гадаадад зорчиход дагалдан явах эмч болон бусад үйлчилгээний ажилтан;
  • Харьяа төрийн байгууллагын тодорхойлолтын дагуу төрийн тусгай албаны ангилал, зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
  • Батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтыг үндэслэн Монгол Улсын олон улсын гэрээ, тохиролцооны дагуу гадаад оронд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх албан хаагчид;
  • Хилийн чанад дахь Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал хашиж буй Монгол Улсын иргэн, түүний эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд;
  • Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээ, техникийн ажилтан, тэдний эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд.
  • Сумын болон дүүргийн Засаг дарга;
  • Улсын Их Хурлын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;
  • Засгийн газрын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;
  • Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдон ажиллаж буй Монгол Улсын иргэн;
  • Дипломат цолтой ахмад ажилтнууд, тэдгээрийн эхнэр буюу нөхөр;

Онцгой тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг үндэслэн Монгол Улсын иргэнд дипломат, албан паспорт олгож болно.

Зургаа. Дипломат, албан паспорт олгох үндэслэл

           Дипломат, албан паспорт мэдүүлэхэд дор дурдсан материалыг бүрдүүлнэ:

  • Дипломат, албан паспорт мэдүүлэх хуудас;\
  • Тухайн албан тушаалтанд дипломат эсхүл албан паспорт олгохыг хүссэн төрийн байгууллагын албан бичиг;
  • Тухайн ажилтныг хашиж буй албан тушаалд нь томилсон буюу сонгосон төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийн хуулбар;
  • Иргэний  үнэмлэхийн хуулбар;
  • Эхнэр, нөхөр, хүүхэд, гэр бүлийн гишүүд дипломат, албан паспорт мэдүүлэх бол гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, гэр бүлийн гишүүнийг нотлох баримт зэргийг нэмж бүрдүүлнэ;
  • Шаардлагатай тохиолдолд гадаадад зорчихыг түдгэлзүүлэх үндэслэл байхгүйг нотолсон баримт нэмж бүрдүүлнэ ;
  • Төлбөр төлсөн баримт.

Тухайн албан тушаалтны бүрэн эрх дуусахаас 6 сарын өмнөх хугацаанд түүнд дипломат, албан паспорт шинээр олгохыг хориглоно.

Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох хууль тогтоомжийг үндэслэн дипломат, албан паспорт олгохоос татгалзах эрхтэй байна. 

Дипломат, албан паспорт хадгалах

   Дипломат, албан паспорт эзэмшигч нь тухайн паспортыг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу захиргааны хариуцлага хүлээнэ. Дипломат, албан паспорт мэдүүлэхдээ хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэл өгөх, бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэх болон бусад хууль бус үйлдэл гаргасан этгээд, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ .

   Хүчин төгөлдөр бус эсхүл зөрчилтэй дипломат, албан паспортыг Хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хураан авч гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Консулын газарт шилжүүлнэ.

    Албан тушаалаас чөлөөлөгдсөн, халагдсан болон бусад шалтгаанаар дипломат, албан паспорт эзэмших эрхгүй болсон иргэн эзэмшиж буй дипломат, албан паспортаа хүчингүй болгохоос татгалзах эсхүл зайлсхийх тохиолдолд гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Консулын газрын шийдвэрээр уг паспортыг хүчингүй болгон зарлана.