СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО ЗОХИОН БАЙГУУЛЖ, БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ

   Сууц өмчлөгчдийн холбоог байгуулах, бүртгүүлэхтэй холбогдох харилцааг Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбоог зохион байгуулах, бүртгэх журмаар тус тус зохицуулсан байдаг.

  1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал

   Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш  өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид “СӨХ” гэх/-г байгуулна. Зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны барилгад сууц өмчлөгчид нэгдэн нэг СӨХ байгуулж болно.

   СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байхыг хуульчилсан байдаг. Холбоо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд банкинд харилцах данстай байна. Хуульд нарийвчлан зохицуулсанаас бусад тохиодолд холбоо нь гишүүдийн хүлээх үүргийг, гишүүд нь холбооны хүлээх үүргийг хариуцахгүй.

  1. Сууц өмчлөгчдийн холбоог байгуулах журам

   СӨХ-г зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулах ба шаардлагатай тохиолдолд тухайн шатны Засаг даргын санаачилгаар хурлын товыг зарлан хуралдуулна. Хуралд оролцогчдоос хурлын тэргүүлэгчдийг сонгох ба холбоо байгуулах тухай  сууц өмчлөгч, эзэмшигчдийн олонхийн саналын дагуу хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар байгуулагдсанд тооцно.

   СӨХ байгуулагдсан бол дараах асуудлыг нэн даруй бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй. Үүнд:

   -СӨХ-ны дүрэм батлах;

   -Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх;

   -СӨХ-ны төсөв, тайлан, тэнцлийг хэлэлцэж батлах, орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах, зээл авах;

   -СӨХ-ны сан болон зээлийн хөрөнгийн бүрдүүлэлт, ашиглалт, захиран зарцуулалтыг шийдвэрлэх;

   -Байшин болон орцны харуул хамгаалалтын асуудал;

   -Дэвсгэр болон орчны газрын ашиглалт, арчлалт, хамгаалалтын асуудал;

   -Сууц өмчлөгч сууцныхаа зориулалт, төлөвлөлтийг өөрчлөх зорилгоор орчны газарт барилга барих;

   -Тухайн орон сууцны байшингийн орчны газрыг зориулалтаар нь ашиглаж байгаа байдалд хяналт тавих зэрэг багтана.

   Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр нь хүчин төгөлдөр болно.  Хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй.

/Бүх гишүүдийн хуралд оролцох саналын эрх:/

   Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох бөгөөд тухайн орон сууцны байшингийн хэд хэдэн сууцыг нэгтгэн нэг сууц болгон өөрчилсөн сууц өмчлөгч нь нэгтгэсэн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байна. 

  1. Холбооны дүрэм, Удирдах болон Хяналтын зөвлөл, СӨХ-ны гүйцэтгэх захиралыг томилох

   Бүх гишүүдийн хурлаар сууц өмчлөгдчөөс Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож, сонгосон тухай хурлын шийдвэрийг гаргана. Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар удирдах зөвлөлийн болон хяналтын зөвлөлийн даргыг сонгож, хурлын тэмдэглэл, шийдвэрийг гаргана.

3.1 СӨХ-ны Удирдах зөвлөл                                                                   

   Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг, насанд хүрсэн хүнийг сонгох бөгөөд удирдах зөвлөл нь орон тооны бус байна. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн тооны  хувьд СӨХ-ны гишүүдийн тоо, орон сууцны байшингийн онцлогийг харгалзан давхар, орц, байшингийн оршин суугчдыг төлөөлөх удирдах зөвлөлийн гишүүдийн тоог бүх гишүүдийн хурлаас тогтооно.

3.2 СӨХ-ны Хяналтын зөвлөл 

   СӨХ-нд хамрагдсан байшингийн тооноос хамаарч 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй, орон тооны бус хяналтын зөвлөлийг байгуулна. Хяналтын зөвлөл сууц өмчлөгчдийн хяналтын үүргийг гүйцэтгэнэ.

3.3 СӨХ-ны Гүйцэтгэх захирал

   Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхэлэн явуулах ба Гүйцэтгэх захирлаар Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүний төрөл, садангийн хүнийг сонгохыг хуулиар хориглодог. СӨХ-ны дүрэмд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэх захирлаар холбооны гишүүн бус хүнийг сонгож болно.

   СӨХ-ны гүйцэтгэх захиралд нэр дэвшигч нь холбооны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон холбооны орлого зарлагын тооцооны төслийг боловсруулж СӨХ-ны удирдах зөвлөлд өгнө. СӨХ-ны гүйцэтгэх захиралд нэр дэвшигчийг бүртгэсний дараа удирдах зөвлөлөөс СӨХ-ны гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах өдрийг товолж Удирдах зөвлөлийн олонхийн саналаар СӨХ-ны гүйцэтгэх захирлыг сонгож, сонгосон тухай хурлын тэмдэглэл, тогтоол гаргаж гэрээ байгуулна.

  1. СӨХ-г бүртгүүлэх

   Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д  заасны дагуу холбоог бүртгэх үйл ажиллагааг сум, дүүргийн Засаг даргын тамгын газар хариуцаж, мэдээллийн санг бүрдүүлж байдаг.  

Сууц өмчлөгчдийн холбоо байгуулж гэрчилгээ авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

- Өргөдөл /СӨХ/;

              - СӨХ байгуулсан тухай хурлын тэмдэглэл, шийдвэр;

- Удирдах болон Хяналтын зөвлөлийг сонгосон тухай хурлын тэмдэглэл, шийдвэр, гишүүдийн тодорхойлолт /овог нэр, хаяг/;

- Гүйцэтгэх захирлыг сонгосон тухай Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр, гүйцэтгэх захирлын тодорхойлолт /овог , нэр, хаяг/;

- Сууц өмчлөгчдийн холбооны дүрэм;

- Гэрчилгээний үнэ.

Дээрх баримт бичгийг хянан үзэж гэрчилгээ олгоно.