Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох тухай
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 178 тоот хамтарсан тушаалаар “Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ыг баталсан. Уг журмаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардагдах нэгж буюу бүлэг ажилбарыг гүйцэтгэх арга барил, техник, технологийн анхан шатны мэдлэг, чадвар, дадлыг тодорхой ажил мэргэжлийн хүрээнд эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулахад чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох богино хугацааны мэргэжлийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
Мэргэжлийн сургалтын байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа, ажил олгогчийн хэрэгцээнд үндэслэн боловсруулж, үйл ажиллагаа эрхлэх байршил дахь мэргэжлийн боловсролын бүсийн арга зүйн төвөөр эсхүл мэргэжлийн боловсрол, сургалтын заах арга зүйн төвөөр эсхүл мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний асуудал эрхэлсэн байгууллагаар мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг батлуулсан байх
-Мэргэжлийн сургалтын төвийн багш нь мэргэжлийн зэрэгтэй, тухай чиглэлээр 3-аас жилийн ажлын туршлагатай, мэргэжлийн боловсрол, сургалтын заах арга зүйн сургалтад хамрагдаж, багшлах эрх авсан байх
-Мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, хөтөлбөрт заагдсан, мэргэжлийн түвшний шаардлагад нийцсэн сургалтын орчин, техник хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан байх
-Өөрийн байранд дадлага хийлгэх боломжгүй тохиолдолд байгууллага аж ахуйн нэгж, үйлдвэрийн газартай гэрээ байгуулж, дадлагын сургалт зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн байх
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх
-Суралцагчидтай байгуулах гэрээний загварыг баталгаажуулсан байх
-Мэргэжлийн сургалтын байгууллага нь сургалтын төлбөр тогтоосон шийдвэрээ албажуулсан байх ба хэт өндөр төлбөр тогтоохгүй байх
-Шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, харъяа дүүргийн нийгмийн даатгал, татварын алба болон харилцагч банкнаас санхүүгийн болон байгууллагын чадамжаа илэрхийлсэн тодорхойлолт авсан байх
Дээр заасан шаардлагуудыг хангасан сургалтын байгууллагын хүсэлтийг хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авч, бүртгэх талаар шийдвэр гаргана. Мөн гэрчилгээний хугацаа сунгах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, шаардлага хүргүүлэх, бүртгэлээс хасах асуудлыг мэргэжлийн сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.