ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ ХУУЛИАС

Галт зэвсгийн тухай хуулийг 2001 оны 04 сарын 26-ны өдөр баталсан бөгөөд уг хуулиар галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон  харилцааг зохицуулахаар тусгажээ.

1. Галт зэвсэг өмчлөх тухайд

Монгол Улсын 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, иргэн цагдаагийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр галт зэвсэг өмчлөх эрхтэй болох бөгөөд харин Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд гэмт хэрэгт, эсхүл галт зэвсэг ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэгдэж, ял шийтгэлгүйд тооцогдоогүй байгаа болон архаг архичин, мансуурах донтой  гэж тооцогдсон этгээд галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах эрхгүй байхаар хуульд заасан байна.

       Галт зэвсэг өмчлөх зориулалт:

  • Иргэн ан агнуур, спорт-сургалт, цуглуулгын зориулалтаар;
  • Хуулийн этгээд харуул хамгаалалт, спорт-сургалт, цуглуулга, үзмэр, урлагийн тоглолтын зориулалтаар  галт зэвсэг өмчилж болно.

      Галт зэвсэг өмчлөхийг хориглох тохиолдол:

  • Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд байлдааны зориулалттай галт зэвсэг  өмчлөх;
  • Хуульд өөрөөр заагаагүй бол дипломат болон олон улсын байгууллагад  ажиллаж байгаагаас бусад гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт галт зэвсэг өмчлөх;
  • Хуульд зааснаас бусад зориулалтаар галт зэвсэг өмчлөх;
  • Галт зэвсгийн  хэв загварыг өөрчлөх, үйлдвэрийн бус аргаар хийж бэлтгэх, ийм галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахыг хориглосон байна.

2. Галт зэвсэг бүртгүүлэх, бүрдүүлэх баримт бичиг 

   Шинээр галт зэвсэг худалдан авсан иргэн, хуулийн этгээд түүнийг 14 хоногийн дотор байнга оршин байгаа сум, дүүргийн цагдаагийн байгууллагад бүртгүүлэх бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

                1.Иргэний  үнэмлэхийн  хуулбар, эсхүл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2. Галт зэвсгийн төрөл, марк, дугаарыг тодорхойлсон баримт бичиг

3.Цагдаагийн байгууллагаас олгосон зөвшөөрөл

3. Галт зэвсгийн гэрчилгээ

Иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг өмчлөх эрх нь цагдаагийн байгууллагад бүртгүүлж гэрчилгээ авснаар үүснэ.

4. Галт зэвсэг эзэмших тухайд

Хуульд зааснаар харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд нь хуульд заасан шаардлага хангасан харуул хамгаалалтын ажилтанд гэрээний үндсэн дээр зөвхөн албаны үүрэг гүйцэтгэх хугацаанд нь галт зэвсэг эзэмшүүлж болно. Галт зэвсэг эзэмшүүлэх гэрээг  сум, дүүргийн  цагдаагийн  байгууллагад  бүртгүүлнэ.

5.Галт зэвсэг ашиглах тухайд

1.Галт зэвсгийг хуульд зааснаар ан агнуурын зориулалтаар хот, суурин газраас бусад газарт ашиглана

2.Галт зэвсэг өмчлөгч иргэн энэ хуульд заасан шаардлага хангасан этгээдэд галт зэвсгийг итгэмжлэлийн үндсэн дээр ашиглуулж болно

3.Эрүүл мэнд, бие эрхтнийх нь байдлыг харгалзан зарим иргэний галт зэвсэг ашиглах эрхэд хязгаарлалт тогтоож болно.

6.Галт зэвсэг хадгалах тухайд

  • Галт зэвсэг өмчлөгч иргэн галт зэвсгийг аюулгүй байдлыг хангасан нөхцөлд, өөрийн оршин суугаа гэр, сууцандаа сумнаас тусад нь хадгална.
  • Харуул хамгаалалт, спорт-сургалтын зориулалтаар галт зэвсэг өмчлөгч хуулийн этгээд галт зэвсгийг тусгай зориулалтын шүүгээнд, сумнаас тусад нь  хадгална.     
  • Арав ба түүнээс дээш тооны галт зэвсгийг аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон өрөөнд, зориулалтын шүүгээнд хадгална.          
  • Галт зэвсгийг хаясан болон бусад байдлаар үрэгдүүлсэн тохиолдолд 24 цагийн дотор түүнийг бүртгүүлсэн цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ

 

      7. Галт зэвсэг авч явахад тавих шаардлага

Галт зэвсгийг агаарын хөлөг, усан онгоц, галт тэрэг, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр авч явахад хөлгийн болон галт тэрэгний дарга, эсхүл жолоочид  хадгалуулах бөгөөд гэрчилгээний хамт авч явах ба аюулгүй байдлыг хангаж, сумнаас тусад нь зориулалтын гэрэнд хийсэн байна.

 

     8. Галт зэвсэг хураах тухайд

  Дараах тохиолдолд цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, гаалийн байцаагч галт зэвсгийг хурааж, 30 хоногийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ. Үүнд:

  • хуульд заасан шаардлага хангаагүй этгээд галт зэвсэг өмчилж байсан нь тогтоогдсон
  • энэ хуулиар хориглосон галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд өмчилж байгаа нь тогтоогдсон
  • эрэн сурвалжлагдаж байгаа галт зэвсэг бол
  • гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэхэд ашигласан бол галт зэвсгийн хураана.
  1. Хариуцлага

Галт зэвсгийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, байгаль орчны хяналтын улсын байцаагч гэм буруутай этгээдэд гэм буруугийн төрлөөс хамаарч торгох шийтгэл оногдуулахаар хуульд заасан байна.