“БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ЗАВШИХ, ҮРЭГДҮҮЛЭХ” ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР
Энэ удаад бид сүүлийн жилүүдэд нийгэмд өндөр хувийг эзэлж байгаа, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг, ажилтнуудад буруу жишиг тогтооход хүргэдэг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэргийн талаар зөвлөмж бэлтгэн хүргүүлж байна.
Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн улмаас тухайн байгууллагын бүх төрлийн өмчлөх эрх зөрчигддөг бөгөөд энэ төрлийн гэмт хэргээс урдчилан сэргийлэх нь аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа болон өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.
Дээрх төрлийн гэмт хэрэг нь албан тушаалын давуу байдлаа ашиглах, хуурамч гүйлгээ хийх, хуурамч санхүүгийн анхан шатны баримт үйлдэх, засварлах зэргээр дангаар болон бүлэглэх хэлбэрээр үйлдэгдэж байна.
Энэхүү гэмт хэрэгт өртөх магадлалтай ажлын байруудад дараахь ажлын байрууд хамаарч байна. Үүнд:
-нягтлан бодогч,
-нярав,
- касс,
- менежер,
- худалдааны төлөөлөгч,
- худалдагч,
- түгээгч г.м байна.
Байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчин дутмаг, тогтоосон дүрэм, журмын хэрэгжилт, хяналт сул, боловсон хүчнийг сонгон шалгаруулахад хайнга хандах зэрэг нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болж байна.
Тиймээс дээрх төрлийн гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд дараах зөвлөмжийг анхаарах нь зүйтэй юм.Үүнд:
1.Байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох /үйл ажиллагаатай холбогдуулж байгууллагын дотоод журам, ажил хүлээлцэх, эд хөрөнгө хүлээлгэн өгөх, хүлээн авах, цаг ашиглалт, эд хөрөнгийн тооллогын журмыг боловсронгуй болгох, шаардлагатай бусад эрх зүйн зохицуулалт бий болгох/;
2.Гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан даруйд тодорхой арга хэмжээг зайлшгүй авч байх /цагдаагийн байгууллагад тэмдэглүүлэх, хөндлөнгийн гэрчийг байлцуулан тэмдэглэл үйлдэж баталгаажуулах, хохирол заавал төлүүлж байх г.м/;
3.Эд хөрөнгийн тооллогыг зохих журмаар, тогтоосон хугацаанд тогтмол хэрэгжүүлэх;
4.Бусад шаардлагатай үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг болно.
Хавсралтаар “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэргийн талаархи хуулийн зохицуулалтын талаарх мэдээллийг хүргүүлэв.
ХАВСРАЛТ “Бусдын эд хөрөнгийг завших,үрэгдүүлэх” гэмт хэргийн талаарх
Хууль тогтоомжийн зохицуулалт
Монгол улсын Эрүүгийн хуулийн 150-р зүйлд Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн талаар зохицуулсан байдаг.
Эрүүгийн хуулийн 150-р зүйлд зааснаар: “Аж ахуйн нэгж,байгууллага,иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх,үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж хуульд тусгагджээ.
Уг гэмт хэргийн идэвхитэй үйлдлийн шинж нь :
Аж ахуйн нэгж,байгууллага,иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд нь хууль ,гэрээ,албан тушаалын үндсэн дээр олгогдсон итгэмжлэл,албан тушалын байдал, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар хууль бусаар “Аж ахуйн нэгж,байгууллага,иргэдийн” өмчийг авах үйлдлийн шинж байдлаар хуульд тусгагджээ.
- 3авших” гэдэг нь:
Гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй байгааг ойлгох юм.
Гэмт этгээд нь завшсан эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн эзэмшилд оруулсан боловч, түүнийг үрэгдүүлээгүй байдаг. Ашиглалтын энэ хэлбэр нь гэмт этгээдэд итгэмжлэгдэн олгогдсон эд зүйлс,хууль ёсоор очоод хууль бус хэлбэрээр бусадруу шилжиж,үр дүнд нь гэмт этгээд шунахай зорилгоор эд зүйлс өмч хөрөнгийг хууль бусаар ашиглах бололцоог олгож байдаг онцлогтой.
Эд хөрөнгө завших үйлдлийн аргыг Улсын Дээд шүүхийн тайлбарт дараах байдлаар тайлбарлажээ :
- Бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүй байх;
- Гэмт этгээд өмчлөгчид нь үнэ хөлсийг нь төлөөгүй,өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон байдаг.
- “Үрэгдүүлэх” гэдэг нь:
Гэмт этгээдэд итгэмжлэн өгсөн өмчлөгчийн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр ашиглаж бусдад худалдах, бэлэглэх, үгүй хийх, шилжүүлэх гэх мэт хэлбэрээр ойлгоно. Жишээлбэл, итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн хувийн хэрэглээнд хэрэглэх, үрэгдүүлэх буюу өмчийг худалдах, бэлэглэх, өрөнд шилжүүлэх, түрээслүүлэх хэлбэрээр гэмт этгээд үрэгдүүлсэн байхыг ойлгодог байна.
Эрүүгийн хуулийн 150-р зүйлд заасан гэмт үйлдлийг хэрэгжүүлж төгссөн шинжийг дараах байдлаар авч үзэхээр хуульчилжээ.
- Завших үйлдэл нь: бусдын эд хөрөнгийг хууль бусаар олж авч,өөрийн үзэмжээр захиран зарцуулах санаагаа хэрэгжүүлж эхэлсэнээр,уг үйлдлийн бүрдэл төгсдөг.
- Үрэгдүүлсэн үйлдэл нь: эд хөрөнгийг худалдах,бэлэглэх гэх мэт хэлбэрээр алга болгосноор үйлдлийн бүрдэл төгсдөг.
Завших ба үрэгдүүлэх хэлбэрийн адил төсөөтэй шинж тэмдэг нь хөрөнгийн эзэн буюу бусад өмчлөгчид гэмт этгээд тодорхой нөхцөлтэйгээр эд зүйлс ,өмч хөрөнгийг захиран зарцуулах ,тээвэрэлх зэрэг эрх хэмжээ олгосныг урвуугаар өөрсдийн мэдэлд оруулсанд орших юм.
Дээрх гэмт хэрэг нь : Өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу өөрөөр хэлбэл Аж ахуйн нэгж,байгууллага,иргэдийн өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасдаж бусдад өгч үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхитэй үйлдлээр илэрнэ.