КОМПАНИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ ТУХАЙ

   Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлд санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл гаргана хэмээн заасан байдаг.

Ногдол ашигийг хуваарилах шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ хэрэв байхгүй бол Хувьцаа эзэмшигчдийн хурлаас уг шийдвэрийг гаргана. Ногдол ашгийг заавал хуваарилахгүй байж болох бөгөөд ингэхдээ яагаад хуваарилахгүй болсон үндэслэлээ Хувьцаа эзэмшигчдийн хуралдаанд тайлагнах үүрэгтэй.

         Ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн тохиолдолд шийдвэртээ хэзээ хуваарилахаа тусгах ба тухайн өдрөө ногдол ашгийг төлөөгүй бол хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэлээр алданги төлөх эрсдэл үүснэ. Үүнээс болж компанид учирсан хохирлыг гүйцэтгэх удирдлага хариуцаж арилгах болохыг анхаарна уу.

Ногдол ашгийн хуваарилалтыг тухайн компанийн жилийн эцсийн татвар төлсөний дараах цэвэр ашгаас тооцон тогтоох ба нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилдаг.

Компани нь ногдол ашиг хуваарилах шийдвэртээ дараах зүйлийг заавал зохино.

1.Хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ;

2.Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр;

3.Ногдол ашиг олгох хугацаа;

4.Бүртгэлийн өдөр;

5.Тараах хэлбэр;

6.Ногдол ашиг олгох хэлбэр

-Бэлэн мөнгөөр олгох ногдол ашиг

-Хөрөнгөөр олгох ногдол ашиг.

Компани дараах тохиолдолд энгийн хувьцаанд ногдол ашиг хуваарилна:

  • Ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх;
  • Ногдол ашиг төлсний дараа компанийнн өөрийн хөрөнгийн хэмжээ нь энэ хуулийн 30.5-д заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг, түүний татан буулгалтын үнэ зэргийн нийлбэрээс их байх;
  • Компани нь эргүүлэн худалдаж авах үүрэгтэй үнэт цаасаа бүрэн авсан байх

Компани нь дараах нөхцөлд давуу эрхийн хувьцаанд ногдол ашиг хуваарилна:

  • Ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх;
  • Компани нь эргүүлэн худалдаж авах үүрэгтэй давуу эрхийн хувьцааг бүрэн авсан байх.

Хувьцаат компани нь ногдол ашиг хуваарилалтын тайланг ногдол ашиг хуваарилж дууссан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор гаргаж, Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон хугацаанд уг хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлнэ.