ОНЦГОЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай.

            Хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл иргэн, хуулийн этгээд өөрийн болон бусдын нэрийн өмнөөс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргадаг бөгөөд шүүх эсрэг сонирхол бүхий нэхэмжлэгч, хариуцагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр шийдвэр гаргадаг. Нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд материаллаг эрх зүйн маргаан заавал байдаг.

            Харин онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг  тогтоодог тул энэ хэрэгт эсрэг сонирхол бүхий маргалдагч тал  байдаггүй. Хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

            Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ:

-Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох;

-Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах;

-Сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай гэж тооцох;

-Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох;

-Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох;

-Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх;

-Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох;

-Иргэний хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх;

-Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах;

-Хуулийн этгээдийг дампуурсанд тооцох.