ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ИРГЭНИЙ НЭХЭМЖЛЭЛ

Монгол Улсын Үндсэн хуульд: Иргэн нь “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх”, төр нь” хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцахаар заажээ. Хохирогч нь эрүүгийн хэрэг үүсгэхээс шүүхийн хэлэлцүүлэг эхлэх хүртэл хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх, энэ талаар шаардлагаа  хэрэг бүртгэх, мөрдөн байцах болон шүүхийн аль ч шатанд гаргах гаргах эрхтэй.

Энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд хохирогч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсвэл түүний учруулсан эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд, тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.

1.Иргэний нэхэмжлэгчийн эрх, үүрэг

Иргэний нэхэмжлэгч гэж тухайн гэмт хэргийн улмаас эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдөж өөрт учирсан хохиролоо гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан иргэн, хуулийн этгээдийг ойлгоно.

Иргэний нэхэмжлэгч нь дараах эрх эдлэнэ.

-Хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт гаргаж өгөх;

-Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд өөрийн нэхэмжлэлийг хангах талаар арга хэмжээ авахыг хүсэх;

-Шүүх хуралдаанд оролцох;

-Гаргасан нэхэмжлэлээ дэмжих, татгалзах ба нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах;

-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссан үед хэргийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгтэй танилцах;

-Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;

-Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;

-Шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах.

Шүүх хуралдаанд оролцох эрхээ эдлэхгүйгээр, түүний оролцоогүйгээр эрүүгийн хэргийг хэлэлцэх тухай хүсэлт гаргасан, эсхүл энэ тухай хүсэлт гаргаагүй боловч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй аль ч тохиолдолд шүүх нэхэмжлэлийг буцаалгүйгээр хэргийг хэлэлцэх, энэ хэрэгт гарсан иргэний нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрхтэй.

2.Иргэний нэхэмжлэгч нь дараах үүрэг хүлээнэ.

Иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлтэй холбогдсон өөрт байгаа баримт сэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шаардсанаар гаргаж өгөх үүрэгтэй. 

          Иргэний нэхэмжлэгч нь зөвхөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан дээрх эрхийг эдэлж, үүрэг хүлээдэг буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд хамаарсан эрх, үүрэг хамаардаггүй байна.       

3.Иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзах

Гэмт хэрэг гараагүй буюу гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд хохирол учраагүй, эсхүл хохирол учраагүй этгээд шаардлага гаргасан тохиолдолд иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч татгалзаж тогтоол, шийдвэр гаргадаг.

         Татгалзсан шийдвэр, тогтоол гарсан гэдэг нь дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн үг биш. Хэрэв хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзсан тохиолдолд тухайн иргэн, хуулийн этгээд шүүхийн шатанд дахин иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохоор нэхэмжилж болно.

Харин шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзсан тохоиолдолд эрүүгийн журмаар бус иргэний журмаар дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байдаг.

4.Иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх

Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа:             

-Иргэний нэхэмжлэлийг бүрэн болон хэсэгчлэн хангах, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзах тухай шийдвэрийг гаргана.

Шүүх цагаатгах тогтоол гаргахдаа:

-Гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно;

-Шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхино.

           Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад тооцоог бүрэн хийх боломжгүй бөгөөд энэ нь гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй бол эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлээ иргэний журмаар гаргахыг нэхэмжлэгчид мэдэгдэнэ.