ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ ГЭЖ ЮУ ВЭ ? НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ОЛГОХ ТУХАЙ

Үйлдвэрлэлийн осол гэж юу вэ?

   Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар “Үйлдвэрлэлийн осол” гэж Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ.

Ямар тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд хамааруулах вэ?  

   МУ-ын Засгийн газрын 2008 оны 14 дүгээр тогтоолын хавсралт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх журамд зааснаар дараахь нөхцөл байдалд гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд тооцохоор заасан байна. Үүнд:

   -Ажилтан ажлын үндсэн болон туслах байранд, эсхүл гэрээ хэлэлцээр, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолт, дайчилгаагаар бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа;

   -Ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;

   -Ажлын байраа орхих боломжгүй ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын байрандаа амарч байх, ажил эхлэхийн өмнө болон ажил дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхлэн цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед;

   -Ажилдаа ирэх, буцах замдаа аливаа тээврийн хэрэгслээр буюу явган явж байхдаа (энэхүү ослыйг тогтоохдоо тухайн ажилтны гэр, ажлын байр хоорондын чиглэл, цаг хугацааг үндэс болгоно);

   -Үндсэн ажил үүргээ гүйцэтгэх үедээ байгаль, цаг уур, гал, усны гэнэтийн аюул, цацраг идэвхит болон химийн хорт бодисын нөлөөлөл, биологийн гаралтай өвчин үүсгэгчийн гэнэтийн аюулд өртсөн;

   -Тухайн байгууллагад ашиглаж байгаа түүхий эд, материал болон бусад технологийн процессод ашигладаг химийн бодис, биологийн гаралтай бохирдуулагчийн улмаас үүссэн өвчин, хордлогод өртсөн;

   -Байгалийн гэнэтийн аюул, гамшиг, хөнөөх хэрэгслийн болон гоц халдварт өвчний голомт, сүйрэл, дэлбэрэлтийн үед.

    Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг хэрхэн авах вэ?

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хохирлыг нөхөн төлөх тухай эрх зүйн зохицуулалтыг зохицуулсан байдаг.

 Үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтан болон эдгээр шалтгаанаас нас барсан ажилтны ар гэрт учирсан хохиролыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь нөхөн төлбөр олгоно.

Ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно.