ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР ОЛГОХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ

Энэхүү журмыг Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалтын хавсралтаар баталсан болно. Энэхүү журмаар Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн  этгээдийн нэр олгох, баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулна. Журмын зохицуулалтын талаар нарийвчлан дурьдвал:

Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах хүсэлтийг дараах эрх бүхий этгээд гаргана:

            1.хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага;

2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч;

 3.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

Хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бусад хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байхыг хориглоно.

1.      Хуулийн этгээдийн нэр нь кирилл үсгээр бичигдсэн байна.

2.      Хуулийн этгээдийн нэр нь гадаад үгийн авиан дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүй. Жишээлбэл: Нэкст, Некст гэх мэт.

3.      Гадаад үг, үсэг болон тоогоор илэрхийлэгдсэн хуулийн этгээдийн нэрийг кирилл үсгээр галиглан бичнэ. Жишээлбэл: Топ солюшн, Эй Би Си, Гурван шагай гэх мэт.

4.      Хуулийн этгээдийн нэр тодорхой утга илэрхийлэхгүй, дан үсгээс бүрдэж болох ба энэ тохиолдолд бүх үсэг томоор бичигдэх бөгөөд хооронд нь тэмдэг, тэмдэглэгээ хийхгүй. Жишээлбэл: ББАААД, ЦТМС, ПАДЭ, ББАЦ, ЧГ гэх мэт.

5.      Хуулийн этгээдийн нэрийн урд болон ард хуульд заасан үйл ажиллагааны чиглэлийг илэрхийлсэн үг эсхүл товчилсон үгийг бичнэ. Жишээлбэл: “Алтан төгрөг ББСБ”, “Монгол даатгал”, “Хадгаламжийн банк”, “Мон аудит”, “Өмгөөллийн мэргэн ХХН” гэх мэт.

6.      Хуулиар хориглосон эсхүл нийтийн зан суртахуунд сөргөөр нөлөөлөх үгээр хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахгүй. Жишээлбэл: Терроризм, галт зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, мөрийтэй болон бооцоот тоглоом, казино, садар самуун явдал болон тамхи, тамхины үйлдвэрийн нэр гэх мэт.

7.      Төрийн бус байгууллагын нэрийг гадаад үг, товчилсон үсгээр баталгаажуулахгүй. Жишээлбэл: Монголиан девелопмент ассоциаци, МХӨТ нийгэмлэг гэх мэт.

8.      Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй оноосон нэрийн өмнө эсхүл хойно нь зохион байгуулалтын хэлбэр заасан үгсийн хамт баталгаажуулахгүй. Жишээлбэл: “Төмөр” гэж нэртэй хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй бол “Төмөр корпораци”,“Төмөр групп“, “Төмөр холдинг”, “Төмөр консерциум” гэх мэт.

Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах

1.      Улсын бүртгэгч нь улсын бүртгэлийн мэдээллийн санд хуулийн этгээдийн нэрийг шалгаж, холбогдох хууль тогтоомжид нийцсэн тохиолдолд баталгаажуулна.

2.      Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш ажлын 10 өдөр хадгална. Энэ хугацаа улс төрийн нам, шашны байгууллагын нэрийн баталгаажуулалтад хамаарахгүй.

3.      Дээрх хугацаанд гаргаагүй бол нэрийн баталгаажуулалт хүчингүй болно.

Журмаар хуулийн этгээдийн нэр бусад хуулийн этгээдийн нэртэй давхардаж олгогдсон тохиолдолд нэр баталгаажуулсан огноо, дугаарыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага шийдвэрлэхээр тус тус заажээ.

Эх сурвалж: http://www.legalinfo.mn/annex/details/6658?lawid=10926