ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “суутгагч” гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг ойлгоно гэж заасан байна.
Суутгагч нь дараах албан татварыг суутгана:
· урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал /8.1.7/;
· төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого /8.1.8/;
· ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого /11.1.1/;
· ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого /11.1.2/;
· ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг /11.1.3/;
· төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл, хороо, ажлын хэсгийн гишүүний цалин хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого /11.1.4/;
· гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал /11.1.5/;
· үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого /11.1.6/;
· эрхийн шимтгэлийн орлого /13.1.2/;
· ногдол ашгийн орлого /13.1.3/;
· хүүгийн орлого /13.1.4/;
· үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого /14.1.1/;
· үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн, түүнчлэн бэлнээр олгосон унааны мөнгө /15.1.1/;
· орон сууцны ашиглалтын зардлын төлбөр, бэлнээр олгосон байрны хөлс, түлшний зардал /15.1.2/;
· бэлнээр олгосон хоолны мөнгө, түүнчлэн үзвэр үйлчилгээний олговор /15.1.3/;
· ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгчийн болон бусад үйлчилгээ үзүүлсний зардал /15.1.4/;
· ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр /15.1.5/;
· арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү /15.1.6/;
· энэ хуулийн 15.1.1–15.1.6-д заасантай адилтгах бусад орлого /15.1.7/.
Суутгагч суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ.
Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлого олоогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсад оршин суугч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн дагуу албан татвар төлөгч байна.” гэж тодорхойлж өгсөн байна.
Харин албан татвар төлөгч дараах орлогын албан татварыг төлнө:
· шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого /8.1.6/;
· үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого /11.1.6/;
· эмч, хуульч, өмгөөлөгч, архитекторч, нягтлан бодогч, багш зэрэг мэргэжлээр ажиллаж олсон үйлчилгээний орлого /12.1.1/;
· хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого /12.1.2/;
· тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлого /12.2/;
· түрээсийн орлого /13.1.1/;
· өмчлөл, эзэмшилд байгаа хөрөнгийг бусдад ашиглуулснаас олсон орлого /13.1.5/;
· хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого /14.1.2/;
· хувьцаа, үнэт цаас борлуулсны орлого /14.1.3/
· үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн, түүнчлэн бэлнээр олгосон унааны мөнгө /15.1.1/;
· орон сууцны ашиглалтын зардлын төлбөр, бэлнээр олгосон байрны хөлс, түлшний зардал /15.1.2/;
· бэлнээр олгосон хоолны мөнгө, түүнчлэн үзвэр үйлчилгээний олговор /15.1.3/;
· ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгчийн болон бусад үйлчилгээ үзүүлсний зардал /15.1.4/;
· ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр /15.1.5/;
· арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү /15.1.6/;
· энэ хуулийн 15.1.1–15.1.6-д заасантай адилтгах бусад орлого /15.1.7/.
Орлогын албан татвар төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ.