ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсан нь эрх зүйн цоо шинэ орчин бий болж буй хэлбэр учир энэхүү хуулийг танилцуулах зорилготой доорх мэдээллийг бэлтгэн та бүхэнд хүргэж байна.

Агуулга:

1.      Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгцээ, шаардлага

2.      Цахим гарын үсгийн тухай хуулийн бүтэц, зохицуулах зүйл

3.      Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсантай холбогдон нэмэлт, өөрчлөлт орсон хууль болон холбогдох эрх зүйн акт, дүрэм журмын жагсаалт

4.      Цахим гарын үсэг, баримт бичгийг хэрэглэж буй албан байгууллага

1.      Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгцээ, шаардлага

“Цахим хэлбэрээр баримт бичиг солилцох нь цаасан тээгч дээрх баримт бичиг солилцохоос эрс ялгаатай. Ажил хэргийн харилцаа, төрийн удирдлагад цахим хэлбэрээр өгөгдөл, баримт бичиг солилцох ажиллагааг нэвтрүүлснээр маш олон давуу тал, хэмнэлт  гардаг боловч түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах, илгээсэн этгээдийг хөдөлбөргүй адилтган тогтоох асуудал урган гардаг. Энэ асуудлыг тоон гарын үсгийн хэрэгслүүд ашиглаж шийддэг байна. Дэлхийн улсуудад тоон гарын үсгийн хэрэглэх асуудлыг 1990 оноос эхлэн хуульчлан зохицуулсан байдаг боловч манай улс энэ талын зохицуулалт байхгүй, өнөөг хүртэл нийтийн түлхүүрийн дэд бүтэцгүй, гэрчилгээжүүлэх байгууллагагүй байгаа нь цахим засаг, цахим бизнес, цахим нийгэм, мэдээллийн технологийн хөгжлийг боогдуулаад зогсохгүй олон улсын харилцаанд ижил тэгш оролцох, бусад улстай цахим өгөгдөл солилцох боломжгүй болгож байна хэмээн судлаачид болон хуулийн төсөл санаачлагчид үзсэн бөгөөд цахим тоон гарын үсэг ашиглах үед эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд цоо шинэ эрх үүрэг үүсэж, тоон гарын үсгийн үнэн зөвийг баталгаажуулах тусгай байгууллагууд байгуулагддаг. Эдгээр байгууллагад тавигдах шаардлага, тусгай зөвшөөрөл, эрх үүргийг хуульчлан тогтоох зайлшгүй шаардлагатай. Эдгээр субъектийн харилцааг зохицуулах эрх зүйн акт нь хууль байна. Энэ хуулиар тогтоосон эрх зүйн механизмыг хэм хэмжээ тогтоосон бусад актуудаар нарийвчлан зохицуулах боломжтой гэж тодорхойлжээ.

 2.      Цахим гарын үсгийн тухай хуулийн бүтэц, зохицуулах зүйл

Цахим гарын үсгийн тухай хууль нь 2011 оны 12 сарын 15 өдөр батлагдсан. “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2012 оны 01 сарын 06 өдрийн №01 дугаарт хэвлэгдэн 2012.01.16-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэхүү хууль нь 6 бүлэг 36 зүйлтэй бөгөөд Монгол улсын үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Хуулийн зорилт нь цахим болон тоон гарын үсгийг хэрэглэх эрх зүйн үндсийг тодорхойлж, тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг бий болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад орших ба үйлчлэх хүрээний хувьд Төрийн нууцад хамаарахаас бусад мэдээ, баримт бичгийг цахим хэлбэрээр шилжүүлэх, дамжуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм байна.

Нэг дүгээр бүлэгт Хуулийн зорилт, хамрах хүрээ, хууль тогтоомжийн бүрдэл, хуульд ашиглагдсан нэр томъёоны ойлголт;

Хоёр дугаар бүлэгт Тоон гарын үсгийг ердийн гарын үсэгтэй адилтган үзэх нөхцөл, цахим гарын үсгийн хэрэгслийг ашиглах, тамга орлуулах, нээлттэй мэдээлэл;

Гурав дугаар бүлэгт Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, гэрчилгээний агуулга, хугацаа, гэрчилгээг түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон энэ тухай мэдэгдэх, гэрчилгээ эзэмшигчийн эрх үүрэг, гадаад улсын тоон гарын үсгийн гэрчилгээ;

Дөрөв дүгээр бүлэгт Гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах ерөнхий шаардлага, бүрдүүлэх материал, тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн хураамж, хугацаа, хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглох, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүрэг, бүртгэлийн нэгж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хориглох зүйл;

Тав дугаар бүлэгт Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн талаарх төрийн зохицуулалт, Төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх, Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрх;

Зургаа дугаар бүлэгт Бусад зүйлс байх ба энэхүү хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тусгажээ.

3.      Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсантай холбогдон нэмэлт, өөрчлөлт орсон хууль болон холбогдох эрх зүйн акт, дүрэм, журмын жагсаалт

1.      Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт;

2.      Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт;

3.      Татварын ерөнхий хуульд өөрчлөлт;

4.      Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт;

5.      Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт;

6.      Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт;

7.      Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт;

8.      Нийтээр тэмэдэглэх тэмдэглэлт, баярын өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт;

9.      2011 оны 12 дугаар сарын 15 өдрийн дугаар61. “Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” МУИХ-ын тогтоол;

10.  2011 оны 11 сарын 21 өдрийн  дугаар671. “Тоон гарын үсгийн технологийн дүрэм” Татварын ерөнхий газрын даргын тушаал;

11.  Тоон гарын үсэг хэрэглэх гэрээ

4.      Цахим гарын үсэг, баримт бичгийг хэрэглэж буй албан байгууллага

    2011 оны 12 дугаар сарын 15 өдрийн 61 дүгээр УИХ-ын тогтоолоор “Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” баталсан байх ба үүнд төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх болон Монгол улсын насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийн түлхүүрийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болгох нөхцөлтэй шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол улсын ЗГ-т даалгасан байна. Энэхүү урьдчилсан бэлтгэл ажлын нэг нь болж Татварын ерөнхий газар аж ахуйн нэгж байгууллагын татварын тайланг тоон гарын үсэг ашиглан цахим хэлбэрээр авч эхлээд байгаа бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2011 оны 671 дугаар тушаалаар батлагдсан “Тоон гарын үсгийн технологийн дүрэм”-ийг мөрдлөг болгон хэрэгжүүлж буй юм байна.