ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХАД ААНБ-ЫН ТӨЛДӨГ ТӨЛБӨРҮҮД

АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР /АБТ/

 “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлд Ажлын байрны төлбөр, түүний хэмжээний талаар заасан бөгөөд хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө ажлын байрны төлбөрийг энэ хуулийн 9.2-т заасан хэмжээгээр төлнө”, 9.2-д  “Ажлын байрны төлбөрийн хэмжээ нь 1 сард гадаадын иргэн бүрт Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна”, 9.3-т “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасан хувиас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд мөн хуулийн 43.2-т заасан хэмжээний төлбөрийг сар тутам төлнө” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн хэрэгжилтийг ханган гадаадын иргэнээс нэг сард 384,000 төгрөгөөр тооцон төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн 100900037010 тоот дансанд төвлөрүүлдэг.

АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”-ын 3 дугаар заалтаар ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг зохицуулсан байдаг.

АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРИЙН БУЦААЛТ

Хэрэв тухайн гадаадын иргэн хугацаанаасаа өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлан нутаг буцах болсон үед Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”- ын 2.3.-д заасанчлан нэг сарын дотор холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн урьдчилан төлсөн төлбөрийн зөрүүг тухайн төсвийн жилд багтаан буцаан авах боломжтой.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ

Монгол Улсын Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журам, хураамжийн хэмжээ батлах тухай” журмын 4.1-д “Байгууллага энэ журамд заасан үйлчилгээ авахдаа хөдөлмөрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан хэмжээгээр үйлчилгээний хураамж төлнө” гэж заасан бөгөөд журмын 2 дугаар хавсралтаар үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоож өгсөн байна.

 Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”-аар дээрх төлбөрөөс чөлөөлөх талаар тусгасан байдаг.

 “HG”  ангиллын визтэй буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар орж ирсэн гадаадын иргэдэд тухайн ААНБ-ууд нь уг журмын 1.3, дахь заалтаар гадаадын иргэнд сар бүр ногдуулах ажлын байрны төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.1-д заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна. 2.1.-д байгууллага нь гадаадын иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахдаа “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль”-ийн 8.1-д заасан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон байгууллага (цаашид “эрх бүхий байгууллага” гэх)-д ажлын байрны төлбөрийг урьдчилан төлнө гэж заасан байна.