ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВЭРИЙН ТУХАЙ

“Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад нас барсан даатгуулагчийн асрамжинд байж, тэжээлгэж байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нас барсан тэжээгчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Даатгуулагчийн гэр бүлийн гишүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх Шимтгэл төлвөл зохих хугацаа:

- Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх

- Эсхүл нас барахын өмнөх 5 жилийн 3 жилд шимтгэл төлсөн даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

Нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жилд нь тасралтгүй тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Тэжээгчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд хамрагдах хүмүүс

  • Төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд
  • Эцгээ нас барснаас хойш 280 хоногийн дотор мэндэлсэн, төрсөн хүүхэд
  • Хууль ёсоор тэжээх өөр хүнгүй 19 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү
  • Тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй  байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү;
  • Эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр,нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг,эмэг эх, төрсөн ах, эгч, дүү;
  • Найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг /нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр/
  • Өндөр насны, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад нас барсан, түүнчлэн нас барахын өмнөх саруудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд;
  • Дагавар хүүхэд нь тэжээгч байгаад нас барсан бол хойт эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил;
  • Төрсөн эцэг, эхээс шүүхийн шийдвэрээр тэтгэлэг авдаггүй хүүхэд хойт эцэг буюу эхийгээ нас барахад төрсөн хүүхдийн адил;

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр бодох хувь хэмжээ

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний дунджаас өндөр насны бүрэн тэтгэвэр бодох хувь хэмжээнд ногдох хэсгээс дор дурдсан хувь хэмжээгээр бодож тогтооно:

Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо

Тэтгэвэр бодох хувь хэмжээ /хувиар/

3, түүнээс дээш
2
1

100
75
50

Бүрдүүлэх материал:

  1. Нийгмийн даатгалын дэвтэр
  2. Хөдөлмөрийн дэвтэр
  3. Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах
  4. 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа
  5. Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт
  6. Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн нь төрөлхийн буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон тухай Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт
  7. Гэрлэлтийн баталгааны эх хувь буюу шүүхийн шийдвэр
  8. Иргэний бүртгэлийн албанаас олгосон тэжээгчийн нас барсан тухай гэрчилгээ
  9. Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  10. Иргэний үнэмлэх
  11. 2 хувь цээж зураг /3x4/

 

ЭХ СУРВАЛЖ:  http://www.ndaatgal.mn/5o