ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР

    УИХ-аас 2017-04-21-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталжээ. Тус хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулах хугацаа буюу ажилтныг тодорхой хугацаагаар ажиллуулах зохицуулалтуудыг нэмсэн байна. Мөн зарим хугацааны нэр, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын хэмжээг өөрчилсөн байна.

 Тодруулбал,  Шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулдаг бөгөөд хууль (Хөдөлмөрийн тухай хууль 1999он)-аар туршилтын болон сургалтын хугацааг 6 сараас илүүгүй байхаар зохицуулсан байсан.  Харин 2017-04-21 –ний өдрийн хуулиар “6 сараас илүүгүй байх” хугацааг хасч, сургалтын хугацааг дагалдан ажиллуулах хугацаа болгон өөрчилж, туршилтын хугацаа, дагалдан ажиллуулах хугацаа, цагаар ажиллах хугацааг нэмэлтээр нарийвчлан зохицуулсан байна.

   Туршилтын хугацаа: Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болох ба хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох юм. Ингэхдээ туршилтын хугацаа гурван сар хүртэл байна. Хэрэв хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцохоор зохицуулжээ.

   Дагалдан ажиллуулах хугацаа: Ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болох ба дагалдан ажиллуулах хугацаа гурван сар хүртэл байхаар тогтоосон.

   Цагаар ажиллах хугацаа: Хөдөлмөрийн харилцаанд элбэг тохиолддог ч өмнө нь Хөдөлмөрийн тухай хуульд нарийвчлан зохицуулаагүй байсан “цагаар ажиллах” зохицуулалтыг нэмсэн байна. “Цагаар ажиллах” гэдэг нь ажил олгогчоос тодорхой ажил, үүргийг биечлэн гүйцэтгүүлж, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгохыг ойлгоно. Ажил олгогч хэн боловч цагаар ажиллах ажилдаа ажилтан авч ажиллуулах боломжтой. Цагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг талууд харилцан тохиролцож тусгах нь зүйтэй.

   Мөн хуульд дээр дурдсан хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах ажилтны цалин хөлс олгох зарчим, хэлбэрийн зохицуулалтыг нэмж оруулсан. 

Туршилтын хугацаа эсвэл дагалдан ажиллуулах хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд тухайн хугацаанд олгох цалин хөлсний хэмжээг талууд харилцан тохиролцож тогтооно. Харин цагаар ажилласан ажилтны цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагаар нь тооцож тухай бүр олгоно. Ингэхдээ, цалингийн хэмжээ (нэг цагийн хөлс)  нь ижил ажлын байранд бүрэн цагаар ажилладаг ажилтныхтай адил байхаар тооцогдоно.

   Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Эл үүргээ биелүүлээгүй буюу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 5,000-20,000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50,000-100,000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч буюу шүүгч торгодог байсан. Харин 2017-04-21-ний өдрийн хуулиар хариуцлагын хэмжээг өөрчлөн албан тушаалтныг 500,000-1,000,000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 5,000,000-10,000,000 төгрөгөөр торгохоор болжээ.

      Дээрх нэмэлт, өөрчлөлт буюу Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.