ШИНЭЭР ДАГАЖ МӨРДӨХ ХУУЛИУДЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их Хурлаас 2013 онд батлагдсан хуулиудаас Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Тахарын албаны тухай, Цагдаагийн албаны тухай хуулиуд нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй юм. Эдгээр хуулийн товч танилцуулгыг дахин хүргэж байна.
1. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан ба есөн бүлэг, ерөн зүйлээс бүтнэ. Тус хуулийн зорилт нь хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар“Үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” хэмээн тодорхойлсон. Харин үйлчлэх хүрээний хувьд үнэт цаасыг нийтэд санал болгон гаргах, арилжих, бүртгэх, төлбөр, тооцоог гүйцэтгэх, хадгалах, бусад зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм байна.
Мөн уг хуулиар “Үнэт цаас”- хамаарах санхүүгийн хэрэгсэлийг нэмэгдүүлэн томёолсон ба хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Үнэт цаасыг Монгол Улсын нутаг дэвсгэрт, эсхүл гадаад улсын нутаг дэвсгэрт арилжихаар гаргаж болно”, хуулийн7 дугаар зүйл Үнэт цаас гаргагчийг “Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, компани нь энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журамд заасны дагуу үнэт цаас гаргаж болно” хэмээн тус тусзаасан нь үнэт цаасыг арилжаалах хамрах хүрээ, үнэт цаас гаргагчийг өрөгжүүлэн зохицуулжээ.
2. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан ба энэ хуультай холбогдон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Инновацийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсон.
Бүтцийн хувьд 11 бүлэг, 58 зүйлээс бүрдэнэ. Хуулийн зорилт нь хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах сангийн үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, сангийн үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагаас зохицуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Хуулийн үйлчлэх хүрээг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хөрөнгө оруулалтын санд тусгай зөвшөөрөл олгох, сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах, сангийн хөрөнгөөр үйл ажиллагаа эрхлэх болон сангийн хөрөнгийг хадгалах, бүртгэх, хөрөнгө оруулагчийг мэдээллээр хангах, хөрөнгө оруулалтын санд үйлчилгээ үзүүлэх үнэт цаасны зах зээлийн зохицуулалт бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.” гэж тодорхойлжээ.
3. Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль
Тус хуулийг 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан нь Үндсэн хуулиар баталгаажсан хууль зүйн туслалцааг авах, төлбөрийн чадваргүйн улмаас эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, улмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлэх зэрэг эрхийг нь хангах ач холбогдолтой юм.
Яллагдагчийн төлбөрийн чадваргүй байдлыг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тодорхойлсон байна.
Үүнд:
• Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн;
• Нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болохоо тодорхойлсон иргэн;
• Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүйүзүүлэхээр хуульчилсан байх ба төлбөрийн чадваргүй болохоо дээрх этгээд өөрөө тодорхойлох үүрэгтэй байна.
4. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан.Хууль нь4 бүлэг 28 зүйлтэй ба гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоох зорилттой.Хамгаалалтад байгаа хүн мэдээллээр хангагдах, мэдээлэл задрахаас хамгаалагдах, өмч болон ажлын байраа хадгалуулах эрхтэй.Уг хуультай холбогдон дараах хуульд холбогдох өөрчлөлтүүд орсон байна. Тухайлбал,
• Төрийн албаны тухай хуульд гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээнд хамрагдсан албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах болон мөн зорилгоор төрийн албанаас түр чөлөөлөхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан,
• Хөдөлмөрийн тухай хуульд гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээнд хамрагдсан ажилтныг ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажлыг байрыг нь хэвээр хадгалахтай холбогдсон өөрчлөлт оруулсан,
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд Хорих байгууллага ялтан суллагдвал энэ тухай тахарын албанд мэдэгдэхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.
• Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд гэмт хэргийн улмаас хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учирсан эмчилгээний зардлыг шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамааран нэн даруй олгож, буруутай этгээдээр нөхөн төлүүлэхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.
• Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу гэрч, хохирогчийг нүүлгэн шилжүүлэх, баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх арга хэмжээг хэрэглэх журам, арга хэмжээний явц, уг арга хэмжээгээр хамгаалагдсан этгээдийн нууцалбал зохих мэдээлэл төрийн нууцад байнга хамааруулах өөрчлөлт оруулсан ба эдгээр өөрчлөлтүүд нь мөн хууль хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн мөрдөгдөж буй юм.
5. Тахарын албаны тухай хууль
Тахарын албаны тухай хууль 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан ба энэ хуультай холбогдож Гүйцэтгэх ажлын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Монгол Улсын шүүхийн тухай, Монгол Улсын хилийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон байна.
Хуулиар шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий Монгол Улсын Тахарын албаны тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, Тахарын албаны алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоох зорилтыг хуульчилсан байна.
` 6. Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/
2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан 9 бүлэг, 42 зүйлтэйЦагдаагийн албаны тухай хууль ньхууль сахиулж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэгтэй Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилттай аж.
Хуулиар цагдаагийн байгууллагыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй хууль сахиулах байгууллага гэж тодорхойлсон ба бүтцийн хувьд:
• гэмт хэрэгтэй тэмцэх,
• нийтийн хэв журам хамгаалах,
• олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллагын тогтолцоо нь цагдаагийн төв байгууллага, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, харьяа нэгжээс бүрдэнэ.
ӨМГӨӨЛЛИЙН МОНГОЛ ӨМГӨӨЛӨГЧ ХХН