ҮЙЛДВЭРЛЭЛИИН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛ

 

Даатгуулагчийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос 0,8;  1,8;  2,8 хувиар тооцон ажил олгогч хариуцан төлнө:

- Эрчим хүч, уул уурхай, газрын тос, хий, хими, зам, тээвэр, хүнс, хөдөө аж ахуй, үйлчилгээ, эрүүл мэндийн салбар-2,8 хувиар;
- Геологи, хайгуул, зам, тээвэр, холбоо, барилга, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл мэнд,  соёл, шинжлэх ухааны салбар-1,8 хувиар;
- Бусад аж ахуйн нэгж, байгууллага-0,8 хувиар;

Та vйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсанаар : 

-    Тахир дутуугийн тэтгэвэр
-    Тэжээгчээ алдсаны тэтгэвэр     
-    Хөдөлмөрийн чадвар тvр алдсаны тэтгэмж 
-    Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр 
-    Тэтгэврийн даатгалын шимтгэл 
-    Даатгуулагчийг сувилахад ногдох тусламж vйлчилгээний хувьсах зардал зэргийг авах эрхтэй

Үйлдвэрлэлийн осол гэж юу вэ?
Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыг үйлдвэрлэлийн осол гэнэ.

Мэргэжлээс шалтгаалсан өвчин гэж юу вэ?
Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг "мэргэжлээс шалтгаалсан өвчин" гэнэ.

Ямар нөхцөл байдалд гарсан осолд даатгуулагч өртсөн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох вэ?
Дараахь нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осолд даатгуулагч өртсөн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно. Үүнд:
- Ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад
- Ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед
- Ажилдаа ирэх, буцах замд 

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд төлөх шимтгэлийн хувь хэмжээг тодруулна уу?
Даатгалын энэхүү санд зөвхөн ажил олгогч нь хариуцан шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоосоо 0,8; 1,8; 2,8 хувиар тооцон сар бүр төлнө.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан даатгуулагч ямар тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй вэ?

Энэ даатгалд даатгуулсан даатгуулагч нь

- Тахир дутуугийн тэтгэвэр
- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
- Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмж
- Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр зэргийг авах эрхтэй

Хэдэн жил шимтгэл төлсөн даатгуулагч үйлдвэрлэлийн осолд өртвөл тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэх вэ?
Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа байнга буюу удаан хугацаагаар алдвал түүнд энэ даатгалд шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан тэтгэвэр, тэтгэмж олгоно.

Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг хаана тогтоох вэ?
Даатгуулагчийн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь, хэмжээ, хугацааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

Тахир дутуугийн тэтгэврийн хэмжээг яаж тооцдог вэ?

Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно.

Жишээ:
Даатгуулагч "Д" үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 55 хувиар алдаж тахир дутуу болсон. Түүний сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого 475000 төгрөг. Тэгэхээр даатгуулагч "Д" тахир дутуугийн тэтгэвэрт сард 261250 төгрөг (475000x55%) авна.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгоход ямар баримт, бичиг бурдүүлэх вэ?

- Нийгмийн даатгалын дэвтэр;

- 1995 оноос өмнө ажиллаж байсан даатгуулагч хөдөлмөрийн дэвтэр;

- Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын акт;

- Үйлдвэрлэлийн ослын акт;

- Даатгуулагчийн иргэний үнэмлэх;

- 2 хувь зураг /3x4/;

- Өргөдөл

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдахад даатгуулагчид ямар хэмжээний тэтгэмж олгодог вэ?

Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын 100 хувиар тооцож олгоно.
Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно

Даатгуулагчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас өөр ямар төрлийн төлбөр олгох вэ?

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид хиймэл эрхтэн, засал эмчилгээ хийлгэсний үнийг эхний удаа 100 хувь, 2 дахь удаагийн үнийн 50 хувийг олгоно. Мөн зайлшгүй шаардлагаар мэргэжлийн (гэмтлийн) эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу засал эмчилгээ (протез, ортопед)-г гадаад оронд хийлгэхэд түүний нэг удаагийн үнийг олгоно.
Гадаад оронд хийлгэсэн протез, ортопедийн төлбөрийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан жишиг үнийг баримтлан бэлэн бусаар шилжүүлнэ.

 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагч рашаан сувилалд сувилуулахад гарсан зардлыг төлөх уу?

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч улсын хэмжээний үйлчилгээтэй Хужирт, Өвөржанчивлан, Аржанчивлан, Аварга тосон, Гурван нуур, Оргил, Шаргалжуут, Отгонтэнгэр, Халзан-Уулын сувиллууд, түүнчлэн мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалд сувилуулсан бол сувиллын зардал, ирэх, очих унааны зардлыг олгоно. Уг сангаас олгох сувиллын болон унааны зардлын хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.

ЭХ СУРВАЛЖ:  www.ndaatgal.mn/