ЭХ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их хурлаас 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан байна. Тус хууль нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхлэх юм.
Тус хуулиар жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулжээ.
Хуулийн үйлчлэлд хамаарч буй этгээдэд дараахь дөрвөн төрлийн тэтгэмж олгохоор хуульчилжээ:
1/ жирэмсэн эхийг тэтгэмж- Жирэмсэний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр;
2/ 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж-Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр;
3/ ихэр хүүхдийн тэтгэмж-Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа;
4/ гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж-0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах бөгөөд хүүхдийн тоонд төрүүлсэн болон үрчлэн авсан, асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүүхдийг хамааруулна. Уг тэтгэмжийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байна.
0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авах эх нас барсан, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн тохиолдолд тэтгэмжийг хүүхдийн эцэг, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, үрчлэн авсан эх, эцэгт олгоно.
Банк санхүүгийн байгууллага дээрх тэтгэмжүүдийг барьцаалж зээл олгохыг хоригложээ.