МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ӨВ ЗАЛГАМЖЛАЛААР БИЙ БОЛСОН ХӨРӨНГӨ, ОРЛОГОД АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ УУ?

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 3 дах заалтын дагуу Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ.

Манай улсад татварыг татварын төрөлд ангилж, тодорхой төрлийн татварын харилцааг Татварын ерөнхий хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулж байна. Тодорхой төрлийн татвар нь улсын болон орон нутгийн татварын аль нэгэнд хамаардаг.

Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх татвар улсын татварт хамаарна. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар; гаалийн албан татвар; нэмэгдсэн өртгийн албан татвар; онцгой албан татвар гэх мэт 12 төрлийн татварыг тоочиж болно.

Харин Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хувь хэмжээг нь тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, эсхүл тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх татвар орон нутгийн татварт хамаарна. Үүнд: хувь хүний орлогын албан татвар; орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч хувь хүний орлогын албан татвар; үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар; өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар гэх мэт 14 төрлийн албан татвар орно.

Татвар төлөгч нь холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө.  Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна.

Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварын төрлийг Татварын ерөнхий хуулиар тодорхойлсон ч тухайн төрлийн татварын хувь хэмжээг тогтоосон хууль тогтоомжийг Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлаагүй байна.

 

Мөн өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар ч давхар зохицуулагддаггүй. Тодруулбалл, хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006-06-16/-аар зохицуулдаг. Мөн хуулиар албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулахаар зохицуулжээ. Үүнд:

-          Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;

-          Үйл ажиллагааны орлого (хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого болон  тогтмол бус үйл ажиллагааны орлого)

-          Хөрөнгийн орлого (түрээсийн орлого, эрхийн шимтгэлийн орлого, ногдол ашгийн орлого, хүүгийн орлого);

-          Хөрөнгө борлуулсны орлого (хувьцаа, үнэт цаас,  үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого);

-          Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого;

-          Урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал;

-          Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого;

-          Шууд бус орлого (Ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараахь бараа, үйлчилгээний орлого. Ж.нь: үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн, түүнчлэн бэлнээр олгосон унааны мөнгө) орно.

      Иргэн та дээр дурдсан орлогодоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан хувь хэмжээгээр албан татвар ногдуулж, мөн хуульд заасан хугацаанд тайлагнан, төсөвт төлөх үүрэгтэй.

Дүгнэвэл, Монгол Улсын иргэний өв залгамжлалаар бий болсон хөрөнгө, орлогод өв залгамжлалын албан татвар хамаарах боловч  тухайн төрлийн татварын хувь хэмжээг тогтоосон хууль тогтоомж батлагдаагүй байна. Мөн өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зохицуулалтанд ч хамаарахгүй юм.

Харин иргэн та өв залгамжлалаар бий болсон хөрөнгө, орлогоосоо олох орлогоос болон тухайн төрлийн татварын харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу албан татвараа ногдуулж, тайлагнан, төсөвт төлөх нь зүйтэй юм.