ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧИН, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн оруулж ирэхэд аль байгууллагаас ямар зөвшөөрөл авдаг вэ?

            Байгууллага нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахын өмнө хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрлийг урьдчилан авсан байна.

Байгууллага зөвшөөрөл авахдаа ямар баримт бичиг бүрдүүлэх ёстой вэ?

Байгууллага нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

   -Гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн зайлшгүй ажиллуулах шаардлага, гүйцэтгэх ажил, үйлчилгээний хэмжээ, хугацаа, үйлдвэрлэлийн онцлог байршил, гадаадын иргэний мэргэжил, туршлага ур чадварын талаар дэлгэрэнгүй тодорхойлсон бичиг;

   -Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /эх хувьтай нь /, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

   -Гадаадын хуулийн этгээдтэй ажиллах хүч , мэргэжилтэн авах талаар байгуулсан гэрээ ;

   -Гадаадын иргэний гадаад паспортын хуулбар;

   -Гадаадын иргэний мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар;

   -Хөдөлмөр эрхлүүлэх салбарын яам, агентлагийн тодорхойлолт;

 -Тухайн байгууллагад гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулах шаардлага хэрэгцээний тухай орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн санал зэрэг материалыг бүрдүүлнэ.

            Эрх бүхий байгууллага нь холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянан шалгасны үндсэн дээр Засгийн газраас тогтоосон хувь хэмжээнд багтаан МУ-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоно.

            Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь 1 жил хүртэл хугацаатай байх бөгөөд зөвшөөрлийг хугацааг байгууллагын хүсэлт, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний үр дүн, цаашид ажиллуулах болсон шалтгааныг судалж шалгасны үндсэн дээр сунгана.

            Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу гадаадын иргэнийг МУ-д ирүүлсэн байгууллага нь ГИХАсуудал эрхлэх албанд бүртгүүлнэ.

            МУ-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй бүхий гадаадын иргэн, тухайн байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээ зөрчсөн, өөр байгууллага, орон нутагт зөвшөөрөлгүй шилжин ажилласан тохиолдолд уг зөвшөөрлийг байгууллагын тодорхойлолтыг үндэслэн холбогдох эрх бүхий байгууллагаас хүчингүй болгож, ГИХАЭА-нд энэ тухай мэдэгдэнэ.

            Гадаадын иргэнд олгох хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг холбогдох байгууллагад албан бичгээр хүсэлт тавьсан өдрөөс эхлэн тооцдог.