ЖОЛООЧИЙН ДААТГАЛИЙН ТУХАЙ

Жолоочийн даатгалын тухай хууль нь 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн байна. Энэ хуулиар жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулж байна.

            Жолоочийн даатгалд тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр заавал хамруулна.

            Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно.

            Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна.

            Даатгалд үл хамрагдах нөхцөл:

  • Замын хөдөлгөөнд оролцдоггүй байлдааны тусгай зориулалттай болон мөрдөх алба, тахар, цагдаа, тагнуул, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын тээврийн хэрэгсэлд хамаарахгүй;
  • Хохирогч нь энэ хуулиар тогтоосон хэмжээнээс давсан хохиролыг жолооч болон гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн бол уг давсан хэсэгт үйлчлэхгүй;
  • Монгол улс гишүүнээр нь элсэн орсон олон улсын албан журмын даатгалын холбооны гишүүн орны даатгалын эрх бүхий байгууллагад даатгуулсан этгээд энэ хуулиар тогтоосон даатгалд хамрагдахгүй байж болно;
  • Захиргааны хариуцлага ногдуулах эрх бүхий этгээд нь албан үүргээ гүйцэтгэх үедээ энэ хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн жолоочийн тээврийн хэрэгслийг жолоодон төрийн байгууллагад хүргэх, зөөж, шилжүүлэхэд энэ хуулиар тогтоосон даатгалд хамрагдахгүй байхаар хуульчилж өгсөн байна.

            Даатгалын суурь хураамж:

            Тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу даатгуулагч нь дараах суурь хураамжийг төлнө:

  • “А” ангилалын тээврийн хэрэгсэлд 12 500 төгрөг;
  • В” ангилалын тээврийн хэрэгсэлд 33 000 төгрөг;
  • “С” ангилалын тээврийн хэрэгсэлд 42 500 төгрөг;
  • Dангилалын тээврийн хэрэгсэлд 53 000 төгрөг;
  • “Механизм” ангилалын тээврийн хэрэгсэлд 12 500 төгрөг.

       Даатгалын тохиолдолд үл хамаарах хохирол:

  • сэтгэл санааны хохирол;
  • хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;
  • даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;
  • энэ хууль болон даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол хамаарахгүй байна.

            Жолоочийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол даатгалын хяналтын улсын байцаагч хянан шалгагч болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч уг буруутай этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэнэ.