ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
Зөрчлийн тухай хуулийн наймдугаар бүлэгт нийтийн өмчийн талаар тогтоосон журмын эсрэг зөрчлийг зохицуулсан бөгөөд 8 зүйлийн 8.1-д Газрын тухай хуулийг зөрчсөн доорх үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцон хүнийг хорин таван нэгжээс таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжээс таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилжээ. Үүнд:
1.Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалсан газарт зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр.
2.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны, инженерийн шугам татах, гарц гаргах, бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах журмыг зөрчсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр.
3.Газар эзэмшигч газар чөлөөлөх үүргээ зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр.
4.Хуульд заасан журмын дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх, эсхүл газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр зөвхөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх, эсхүл барьцаалах журмыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр.
5.Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Бэлчээрийг зохистой ашиглах, эсхүл хамгаалах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр.
7.Хуульд заасан гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулахаар шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн, барьцаалсан, эсхүл 183 хоногоос дээш хугацаагаар бусдад ашиглуулах журмыг зөрчсөн бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр.
8.Газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн хадлангийн талбайд хадлан авч дуустал мал бэлчээх, эсхүл тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр.
9.Газар эзэмшигч, ашиглагч газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, эсхүл иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглахтай холбогдолтой зураг төсөл боловсруулах, эсхүл шинэ технологи нэвтрүүлэх, эсхүл Монгол Улсад өмнө нь сорьж, шалгаагүй химийн бодис, бордоог газарт хэрэглэхдээ мэргэжлийн эрх бүхий байгууллагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй; иргэн, хуулийн этгээд нь байгаль орчны тэнцвэрт байдал, хүн амын эрүүл мэнд, мал, амьтан, агаар, ой, ус, ургамалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, эсхүл тоног төхөөрөмж байршуулах, эсхүл үйлдвэрийн хаягдал, бохир ус, хортой, бусад бодисыг газрын доор хадгалах, эсхүл булах ажлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн, эсхүл газрыг бохирдуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр.
10.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан; улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан; эзэмшүүлэхээр зааснаас бусад газарт газар эзэмшсэн; газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байсан иргэн, хуулийн этгээд газрыг нөхөн сэргээгээгүй, сайжруулаагүй, хот, тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгах журмыг зөрчсөн бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр.