ГЭР ХОРООЛЛЫН ӨРХӨД ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

   Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн болон аймгийн төв, зарим сум, суурин газрын гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх үйл ажиллагааг зохицуулна.

Хөнгөлөлтөд хамрах хүрээ

   -Агаарын тухай хуулийн 14.1-д заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан болон нийслэлийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлнэ.

  -Аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлнэ.

  -Хүйтний улирлын үргэлжлэх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулан эрчим хүчний зохицуулах хороо тогтооно.

  -Цахилгаан орой, шөнийн тарифыг мөрдөх хугацааг 21.00 цагаас 06.00 цагийн хооронд тооцно.

Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага, хэрэглэгчийн эрх, үүрэг

   -Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага нь цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлсэн мэдээ гаргаж, холбогдох газарт тайлагнана.

   -Хэрэглэгч нь хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэнэ.

  -Хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны олон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.

   -Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.

Хяналт тавих, хариуцлага

   -Мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал хариуцсан байгууллага хэрэглэгчийн цахилгаан тоноглолын аюулгүй байдалд хяналт тавина.

  -Цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх асуудалтай холбоотой маргааныг Эрчим хүчний зохицуулах хороо хүлээн авч, зохих журмын дагуу дүгнэлт гаргана.

  -Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан дүгнэлтийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд хандаж болно.

  -Журмыг зөрчсөн хэрэглэгч, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.