”Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг баталсан тухай
“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2012 оны 01 сарын 19 өдөр баталсан юм. Уг хуулиар нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт, ёс зүйн шаардлагын үндэслэл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, албан тушаалтан хувийн ашиг сонирхлын байдлаа мэдүүлэх болон түүнийг шалгах ажиллагаа, уг хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулжээ. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд нь төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан; төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан; хууль тогтоомжийн дагуу, эсхүл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан орохоос гадна Монгол Улсын Их Хурлын байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн гаргасан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтанд орсон албан тушаалтан орж байна. Төрийн албан хаагчийн ашиг сонирхлын зөрчилтэй холбогдсон асуудлыг уг хуулийг баримтлан шийдвэрлэж болно. Хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад оршиж байгаа юм. Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ.