Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг урамшуулах журам
Засгийн газрын 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 290 дүгээр тогтоолоор “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-ыг шинэчилэнбаталсан байна. Энэхүү журмаар байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах, эрчим хүчийг хэмнэх, хүлэмжийн хийн ялгарал, хог хаягдал болон дулаан алдагдлыг багасгах, агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, урамшуулах, төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан байна.
Урамшууллын хэлбэр:
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох урамшуулал нь дараах хэлбэртэй байна. Үүнд:
- “Ногоон гэрчилгээ” олгох /байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн байх/,
- “Эко тэмдэг” олгох /байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан байх/
Урамшуулал олгох шалгуур үзүүлэлт:
Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулахад дараах чиглэлийг баримтална:
1. Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах чиглэлээр дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн байх,
2. Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн байх,
3. Хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчийг хэмнэх чиглэлээр дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн байх.
Урамшуулалд хамрагдах хүсэлт гаргах
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага урамшуулалд хамрагдах хүсэлтээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана:
- Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар;
- Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа нутаг дэвсгэрийн сум, дүүрэг, хорооны Засаг даргын, эсхүл аймаг, нийслэлийн байгаль орчны газрын тодорхойлолт;
- Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлт, холбогдох мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, патент, ашигтай загварын гэрчилгээний хуулбар;
- Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологийн тодорхойлолт, хүрсэн үр дүнгийн харьцуулсан үзүүлэлт, туршилтын тайлан;
- Эрх бүхий байгууллагаар хийлгэсэн байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
- Татварын өр төлбөргүй талаарх тодорхойлолт.
Дэмжлэг үзүүлэх
“Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг” авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дараах урамшуулал, дэмжлэгт хамруулна:
- Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, дотоодын болон олон улсын үзэсгэлэнд оролцуулах;
- Байгаль орчны үндэсний болон олон улсын шагналд нэр дэвшүүлэх;
- Ногоон зээлийн сангийн болон дотоод, гадаадын бусад хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтад хамруулах;
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хуульд заасны дагуу давуу эрхтэйгээр оролцуулах;
- Олон улсын ижил төстэй дэвшилтэт технологи бүхий байгууллагуудтай хамтран ажиллахад зуучлах;
- Үндэсний стандарт боловсруулах болон олон улсын стандартыг үндэсний стандарт болгоход мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
- Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтад хамруулах.