ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ШИНЭТГЭЛ
Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан “Ашигт малтмалын тухай” хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээллийг хүргүүлж байна. Тус хууль батлагдсантай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд мөн батлагдсан.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 6 зүйлтэй байх ба 1 дүгээр зүйлд Түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусгай хуулиар зохицуулах, олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс босгосон хөрөнгийн мэдээллийг холбогдох төрийн байгууллагаас авч мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нутгийн захиргааны байгууллагатай байгуулах гэрээ, ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн боловсруулалтын чанар сайжруулах, боловсруулагчийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, ашигт малтмалын баялаг, нөөцийн тухай нэр томъёог олон улсын жишгээр хуульчлах, Засгийн газар, төрийн захиргааны төв, төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг тодорхой болгоход чиглэгдсэн зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал
- Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг Монголын Үндэсний геологийн албанд шилжүүлжээ. Үүнд: “Монгол улcын нутаг дэвсгэр дээр геологи, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн зураглал, судалгаа, шинжилгээ хийх, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, минерагений судалгаа хийж, эрдэс баялгийн хэтийн төлөвийн үнэлгээ өгөх, Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх, ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэл хөтлөх, нөөцийн хөдөлгөөнийг бүртгэх зэрэг чиг үүргийг тусгайлан хэрэгжүүлэхээр болсон байна.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлөх бөгөөд нэмэлт өөрчлөлтөөр төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулж, хугацаа 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах талаар зохицуулжээ.
- Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд стандартын шаардлага хангасан бараа, ажил, үйлчилгээ бүхий Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгох, олборлосон, баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр нийлүүлэх” зэрэг дотоодын эдийн засаг, үйлдвэрлэлийг дэмжсэн зохицуулалтыг нэмэлт өөрчлөлтөөр оруулжээ.
- Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Хайгуулын үр дүнгийн тайлан болон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, тэдгээрт хийх хөндлөнгийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг мэргэшсэн мэргэжилтэн, эрх бүхий хуулийн этгээд гүйцэтгэхээр зохицуулсан байна.Ашигт малтмалын тухай хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцох тухай зохицуулалт оруулсан.
- Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш 1 жилийн дотор гаргах ёстой ба тухайн ТЭЗҮ-д уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, дэд бүтцийг хэрхэн бүрдүүлэх болон уурхайн нөхөн сэргээлт, хаалт зэрэгт шаардагдах хөрөнгийн талаар тодорхой тусгасан байхыг уг хуульд заасан байна. Мөн Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалтын асуудлаар тогтмол мэдээлэх үүрэг бүхий ажилтантай байхаар зохицуулж өгчээ.
- Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйл Ашиглалтын өмнөх үйл ажиллагаа гэх зүйлийг бүхэлд нь хүчингүй болгож харин Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 12 жил хүртэл байхаар, 10-12 дахь жилд хайгуулын ажлын зардлын доод хэмжээг гектар тутамд 10 америк доллар байхаар нэмэлт зүйл оруулсан байна.
Хуулийн 2 дугаар зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой заалтуудад нэмэлт оруулах үг хэллэг, нэр томъёог;
Хуулийн 3 дугаар зүйлд улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг улсын төсөвт ачаалалгүйгээр эдийн засгийн үр өгөөж, ашгийн түвшинг харгалзан, тооцоонд үндэслэн тогтоох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг боломжит бүх хувилбараар дэмжих, тусгай зөвшөөрлийн төлбөр, нутгийн захиргааны байгууллагатай харилцах, мэдээ тайлан гаргах, төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, хуулийн нэр томъёо, мэдээ, тайлан гаргахтай холбоотой хүлээлгэх хариуцлага зэрэг хуулийн зарим хэсэг, заалтыг өөрчлөн найруулахаар;
Хуулийн 4 дүгээр зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн зарим үг, тоо, нэр томъёог өөрчлөх талаар;
Хуулийн 5 дугаар зүйлд Ашигт малтмалын тухай хуулиас хүчингүй болгох зүйл, заалтыг;
Хуулийн 6 дугаар зүйлд баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх, хуулийг буцаан хэрэглэхгүй байх талаар тус тус тусгажээ.
2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, бусдад шилжүүлэхийг хориглож байсан бөгөөд тус хуулийг хүчингүй болсонд тооцсноор хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох, бусдад шилжүүлэх боломжтой болсон байна.