ХОРИХ ЯЛААС ХУГАЦААНААС ӨМНӨ СУЛЛАЖ, ХЯНАЛТ ТОГТООХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Хорих ялаас хугацаанаас өмнө суллах тухай хуулийн зохицуулалт нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2015 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох дүрэм, журмаар зохицуулагдаж байна.
Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох хууль зүйн үндэслэл:
Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын /таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг, таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг, арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй/ хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно.
Хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа заахаар хуулиар зохицуулжээ.
Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтооход ШШГЕГ-ын чиг үүргийн тухайд:
Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө.
Хорих анги нь Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох хурлыг 30 хоног тутамд зохион байгуулна.
Хэрэв хоригдол хуульд заасан шаардлагыг хангасан гэж шийдвэрлэсэн тохиолдолд хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга хорих ялаас хугацаанаас өмнө суллуулах, хяналт тогтоох саналаа хурлын тэмдэглэл, шаардлагатай бусад мэдээлэл, баримт бичгийн хамт ажлын 3 өдрийн дотор прокурорт хүргүүлж, прокурор үндэслэлтэй гэж үзвэл 5 хоногийн дотор дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлэх ба шүүх 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Хоригдлыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоолгох тухай прокурорын дүгнэлтийг шүүх хангаагүй бол уг асуудлыг 6 сарын дотор дахин авч хэлэлцэхгүй.