ГАДААДЫН ИРГЭНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮҮХДИЙГ ҮРЧЛҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

   Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт Хүүхэд үрчлэх талаарх эрх зүйн харилцааг зохицуулсан байдаг.  Харин Гадаадын иргэн Монгол улсын харьяат хүүхэд үрчлэн авахтай холбоотой харилцааг Гэр бүлийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-58.10 дахь заалтууд, Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай олон улсын конвенц,  Хууль зүй дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2001 оны 100/32 дугаар тушаалаар баталсан “Гадаадын иргэнд Монгол улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам” зэрэг баримт бичгүүдээр зохицуулж байна.

    Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай хүсэлтийг Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын байгууллагаар уламжлан шийдвэрлэнэ.

    Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны болон байнга оршин суугаа газрынхаа үрчлэлтийн асуудал эрхэлсэн байгууллагаар уламжлан Монгол Улсын Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

   Монгол Улсын харьяат хүүхдийг таваас доошгүй жил хамт амьдарсан гэр бүлд, эсхүл ганц бие гадаадын иргэн эмэгтэйд үрчлүүлж болно.

   Харин дараахь этгээдүүд хүүхэд үрчилж авахыг хориглоно:

-60-аас дээш насны гадаадын иргэн;

-эцэг эх байх эсэхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж хасуулж байсан;

-урьд нь үрчилж авсан хүүхдээ өөрийн буруугаас буцааж өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон;

-сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн, хорих ял эдэлж байгаа болон ганц бие эрэгтэй гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэхгүй.

   Монгол Улсын харьяат хүүхдийг Үрчлэхийг хүсэгч гадаадын иргэн дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ: Үүнд :

-хүүхэд үрчлэн авах тухай /гэр бүлтэй бол хамтарч гаргасан/ өргөдөл, түүний албан ёсны орчуулга;

-иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг болон гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний хуулбар;

-өөрийн болон гэр бүлийн хоёр үеийн намтар, зураг, байнга оршин суугаа газрын болон санхүүгийн боломжийн тухай холбогдох байгууллагын тодорхойлолт;

-хүүхэд үрчилж авахыг хориглосон,  харшлах нөхцөл байхгүй тухай цагдаа, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллагын тодорхойлолт;

-гадаадын харьяат хүүхэд үрчлэхийг болон түүнийг өөрийн улсад нэвтрэн орох, байнга оршин суухыг зөвшөөрсөн үрчлэгчийн харьяалах улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөл.

   Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүүхэд үрчлэн авах тухай материалыг хүлээн авч баримт бичиг хангалттай бүрдсэн гэж үзвэл 30 хоногийн дотор үрчлэгдэх хүмүүсийг судлан сонгож дор дурдсан материалыг бүрдүүлэн, үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнд холбогдох байгууллагаар дамжуулан хүргүүлнэ.