ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ /ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС/
Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Зөрчил[1] гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүй юм.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ. Энэ талаар “Зөрчлийн тухай” хуулийн 10.12 дугаар зүйлд:
1. Хөдөлмөрийн хувийн бирж, нэгдсэн сүлжээнд бүртгэгдсэн ажил хайгчдаас ажилд зуучлуулсан, оруулсан хүний тоогоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тогтоосон тарифаар тооцож санхүүжилт олгох, хөдөлмөрийн хувийн бирж ажилд зуучлуулсан иргэнээс шууд, шууд бус байдлаар үйлчилгээний төлбөр авахыг хориглох тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгж[2]тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Ажил олгогч ажиллах хүч, ажлын байрны холбогдолтой мэдээллийг холбогдох журмын дагуу бүртгэл, мэдээллийн сүлжээнд бүртгүүлэх, мэдээллээ байршуулах, мэдээлэлд оруулж байгаа өөрчлөлтийг тухай бүрд нь хийж байх үүргээ биелүүлээгүй, эсхүл ажлын байрныхаа талаархи мэдээллийг хуулиар тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад гаргаж өгөөгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, эсхүл ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр ажил олгогч нь ажилтнуудыг олноор халах тухайгаа хуульд заасан журмын дагуу харьяалах аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад нэг сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилжээ.