ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ /ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС/
Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Зөрчил[1] гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүй юм.
1. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ. Энэ талаар “Зөрчлийн тухай” хуулийн 10.15 дугаар зүйлд:
1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчиж:
1.1.Сахин хангуулах үүргээ биелүүлээгүй;
1.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих, машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, ашиглалтад өгөх, зуух, даралтат сав, шугам хоолой, өргөх зөөх механизмд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллаагүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг буруу тогтоосон бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт оруулаагүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилжээ.