ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

 Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар гомдолтой байгаа иргэн, хуулийн этгээд нь захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд болон захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны маргааны гол зүйл нь зөвхөн захиргааны акт болдог. Тйимээс Та нэхэмжлэл гаргах гэж байгаа бол тухайн шийдвэр, үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхэд хамаарах захиргааны акт мөн эсэх /иргэний эрх зүйн болон үндсэн хуулийн эрх зүйн маргаан/-ийг тодруулснаар маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах нөхцөл бүрдэнэ.


    Захиргааны актын гол шинж нь захиргааны байгууллагаас гаргасан байх, гадагш чиглэсэн байх явдал юм.

    Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны хэргийн шүүх нь дараахь байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны хууль бус актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ:

1.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн /Ерөнхий сайд, сайд/;
2.  Монгол Улсын яам;
3.  Монгол Улсын Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг;
4.  Төрийн албаны Зөвлөл, түүний салбар байгууллага;
5.  Монголбанк;
6.  Санхүүгийн зохицуулах хороо
7. Яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг, түүнтэй адилтгах газар, зөвлөл, товчоо, төв, сан зэрэг байгууллага;
8.  Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
9.  Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг /хэлтэс, газар/;
10. Улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч, цагдаагийн, тагнуулын, хилийн цэргийн байгууллага, түүний захиргааны таслан зогсоох болон шийтгэлийн арга хэмжээ авах эрх бүхий бүх албан тушаалтан;
11. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал, тэдгээрийн Тэргүүлэгчид;
12. Төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг болон холбоо, харилцаа, эрчим хүчний системийн захиргаа зэрэг үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг байгууллага;
13. Сүм хийдийн захиргаа;
14. Шийдвэр, үйл ажиллагааг нь захиргааны хэргийн шүүхэд давж гомдол гаргаж байхаар хуульд тусгайлан заасан нийтийн эрх зүйн субъект болох бусад байгууллага, албан тушаалтан.

    Дээр дурдсан байгууллагын зөвхөн гадагш дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд хамаарна. Гадагш чиглэсэн гэдэг нь захиргааны байгууллага, албан тушаалтан өөрийн доод шатны байгууллага, албан тушаалтанд бус харин “гуравдагч” гэж хэлж болох иргэд, байгууллагад холбогдолтой буюу тэдгээрийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт хамаарна.

    Эдгээр байгууллагын аль нэгний үйл ажиллагааны талаар гомдолтой гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд хандах боломж байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа

    Хуульд зааснаар шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааг заавал явуулсан байхыг шаарддаг бөгөөд хэрэв энэ ажиллагааг явуулаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь иргэн, хуулийн этгээдийн гомдлоор дээд шатны байгууллага гомдлыг хянан хэлэлцдэг үе шат юм. 

    Иргэн Та юуны өмнө уг хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байгаа захиргааны байгууллага, албан тушаалтны шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж эрхээ зөрчигдсөнөөс эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Дээд шатны байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх үүрэгтэй байдаг.

    Хэрэв харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэлээ гаргана.  

Шүүхээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

    Захиргааны хэргийг аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэх бөгөөд тухайн захиргааны актыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын яамнаас гаргасан тохиолдолд уг актыг хууль бус гэж үзвэл нэхэмжлэлийг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гаргана.

Дараах тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүснэ. Үүнд:

1. хуульд тусгайлан заасан /шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан/,
2. дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас гомдлыг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн,
3. хууль бус захиргааны акт гаргасан доод шатны захиргааны байгууллага, албан тушаалтан нь дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй,
4. шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан нь гомдлыг 30 хоногийн дотор хянан шийдвэрлээгүй,

    Нэхэмжлэлд нэхэмжлэлийг захиргааны хэргийн ямар шүүхэд гаргаж байгаа, нэхэмжлэгч, хариуцагчийн овог, эцгийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, оршин байгаа газрын хаяг, нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хавсаргасан баримт бичгийн жагсаалтыг тусгана.

    Нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлохоос гарах шийдвэр ихээхэн хамаарна.

    Хэрэв тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох дор дурьдсан үндэслэл байгаа бол түүнийг илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэл гаргана. Үүнд: 

- Захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай, Захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын  илэрхий алдаатайд тооцож болно.
   
- Бичгийн хэлбэрээр гаргасан захиргааны актыг батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй,

- Захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан,

- Захиргааны актыг гүйцэтгэх субьект тодорхой бус,

- Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан,


- Нийтийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн.
    Энэ нь эрх, үүрэг тодорхой хэмжээгээр уламжлагдан хэрэглэгдэж байгаа, нийтээр дагаж мөрдөн дадал хэвшил болсон зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтан зөрчсөн байхыг ойлгоно.    Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно. Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг хамааруулж үзнэ.

- Захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн,

- Захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн


Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл

    Хэрэв дээр дурьдсан захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл байхгүй бол актыг маргаан бүхий акт гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд тухайн захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргана. Өөрөөр хэлбэл, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг зөвхөн маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан гаргана. Иймд юуны өмнө нэхэмжлэлд дурдаж буй захиргааны акт ямар нэгэн хэлбэрээр бодитой гарсан байхыг шаардана.   
Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.