ДОМАЙН НЭРНИЙ МАРГААНЫ ТУХАЙ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ (СИНГАПУР УЛСЫН ЖИШЭЭН ДЭЭР)

ДОМАЙН НЭРНИЙ МАРГААНЫ ТУХАЙ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ (СИНГАПУР УЛСЫН ЖИШЭЭН ДЭЭР)

   Интернэтийн домайн нэр бол бизнесийн үнэт хөрөнгө бөгөөд онлайн худалдаанд маркетингийн болон зар сурталчилгааны чухал хэрэгсэл болдог. Бизнес эрхлэгчид ихэвчлэн өөрийн компанийн нэр, барааны нэр эсвэл үйл явдлын нэрийг домайн нэрээрээ бүртгүүлдэг. Премиум домайн нэр (Premium domain) нь тухайн бараа, үйлчилгээний нэртэй шууд холбогдож, онлайн брэнд үүсгэдэг болно.<Hotels.com>, <Shoes.com>, <Cars.com>, <Meat.com> гэх мэт.

Эдгээр премиум домайн нэрнүүд нь танигдах байдлаасаа шалтгаалан маш өндөр үнэд хүрэх тохиолдолууд бий. Жишээ нь: 2008 онд <Pizza.com> нь 2.6 сая ам.доллараар, <Business.com> 1999 онд 7.5 сая ам.доллараар худалдаалагдаж байжээ. Үүнээс гадна премиум домайн нэрнүүд хайлтын системд ч нөлөөтэй бөгөөд тухайн бараа, үйлчилгээтэй шууд холбоотой домайн нэрнүүд хайлтын жагсаалтад дээгүүр гарч ирэх магадлал өндөр байдаг. Тиймээс оновчтой үгийн сонголт нь хайлтын системийн илэрцэд нөлөөлөх тул анхаарч байх нь чухал юм.

   Домайн нэрийг бүртгүүлэхэд “Түрүүлж бүртгүүлсэн нь эзэмшинэ” гэдэг зарчмаар явдаг бөгөөд энэхүү зарчим нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн. .сom, .net, .org, .info зэрэг “Нийтийн хязгаарлагдаагүй дээд түвшний домайн” (Unrestricted generic top level domains)-г аливаа этгээд, байгууллага бүртгүүлэх, эзэмшихэд хязгаарлалт байхгүй. Тиймээс тухайн бараа бүтээгдэхүүний жинхэнэ эзэмшигчийг бүртгүүлэхээс өмнө өөр этгээд түрүүлж бүртгүүлэх боломжтой. Энэхүү “түрүүлж бүртгүүлсэн нь эзэмших” зарчим нь домайн нэрний хулгай (cybersquatting) юмуу шударга бус бүртгүүлэлтийн тархацыг нэмэгдүүлэх суурь болдог. Өөрөөр хэлбэл, тухайн нэрийг эзэмших албан ёсны эрхгүй этгээд, хуулийн этгээд зөвшөөрөгдөөгүй вэб сайт руу хандалтыг чиглүүлэх эсвэл хууль ёсны өмчлөгчид нь өндөр үнээр зарах зорилгоор бүртгүүлдэг.

            Домайн нэрний хулгай нь ихэвчлэн алдартай брэндийн нэр болон барааны тэмдэгийн нэрийг домайн нэрнийхээ тодорхой нэг хэсэг болгон бүртгүүлэхийг ойлгодог. Жишээлбэл: “Blackberry” брэндийн албан ёсны вэб сайт болох <blackberry.com>-н бичиглэл дээр <backinblackberry.com>, <babblackberry.com>, <alwaysblackberry.com>, <intheblackberry.com> гэх мэтээр өөр үг нэмж домайн нэр бүртгүүлэх. Домайн нэрний хулгайн өөр нэг төрөл нь “бичилтийг өөрчлөх” (‘‘typosquatting’’  болон ‘‘typopiracy’’) арга бөгөөд алдартай домайн нэрийг илт өөр байдлаар бүртгүүлэх хэлбэр юм. Жишээлбэл: <microsoft.co.uk>-н “o” үсгийг төөрөгдөх боломжтой “0” цифрээр сольж <micr0soft.co.uk> болгон бүртгүүлэх, <windowslivemessenger.com>-н “d” үсгийг хасч  <winowslivemessenger.com> гэж өөрчлөх, мөн үсэг нэмж, хасч <yahoo.com>-г  <yahooo.com>, <reuters.com>-г <ruters.com>, <reuers.com> гэх байдлаар бусдыг төөрөгдүүлдэг. Ийм байдлаар буруу бичсэнээр гол вэб сайт руу хандах хандалтыг өөрчлөн өөр сайт руу чиглүүлэх бөгөөд тухайн хандалтаасаа шалтгаалан мөнгө олох схем болгодог.

Сингапур улсын жишээ:

   2000 онд Сингапурын “Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн байгууллагын тухай хууль” батлагдаж “Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн байгууллага” (Info-communications Development Authority цаашид IDA гэх ) байгуулагдсан. Энэхүү хуулиар тус байгууллага нь  “сингапур дахь домайн нэртэй холбоотой харилцааг зохицуулах, хянах, бүртгэх” эрх үүрэгтэй байхаар тусгасан. Улмаар IDA нь өөрийн харьяа агентлаг болох “Сингапурын Сүлжээ, мэдээллийн төв” (Singapore Network Information Centre цаашид SGNIC гэх)-ийг “.sg” домайн нэртэй холбоотой харилцааг зохицуулахаар байгуулсан.

Домайн нэр бүртгүүлэх

Сингапур улсын домайн нэрний код нь “.sg” бөгөөд үүнийг SGNIC бүртгэж, хянадаг. Үндсэн бодлого нь уг домайн нэрийг зөвхөн Сингапурт байх этгээдэд л олгохыг зөвшөөрдөг. Бүртгүүлэгч этгээд тухайн нэр болон тухайн нэрийг ашиглах нь өөр бусад бүртгэлтэй барааны тэмдгийг зөрчихгүй байх, эсвэл бусад бүртгэлтэй барааны тэмдэг, компани, бизнесийн нэртэй адил эсвэл төөрөгдөхүйц төсөөтэй биш болохыг нотлох шаардлагатай. Мөн бүртгүүлэгч тухайн домайн нэрийг үйл ажиллагааныхаа зорилгодоо ашиглах ёстой бөгөөд ийнхүү бүртгүүлж буй явдал нь өмчлөх биш ашиглах эрхийг л олгодог. Тиймээс домайн нэрээ бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх боломжгүй. Харин SGNIC зөвшөөрсөн тохиолдолд “.sg”-г бусдад шилжүүлэх боломжтой.

Маргааныг захиргааны журмаар шийдвэрлэх

 SGNIC нь бүртгүүлэгчтэй домайн нэрний гэрээ байгуулах үедээ маргааныг Сингапурын эвлэрүүлэн зуучлах төв болон Сингапурын Олон Улсын Арбитрын төвөөс томилогдсон Захиргааны хороогоор (цаашид Хороо гэх) дамжуулж шийдвэрлүүлэхээр тохиролцдог. Хэрэв маргалдаж буй талууд харилцан тохиролцоонд хүрэхгүй эсвэл угаас эвлэрэх хүсэлгүй тохиолдолд, тус хороо бие даан шийдвэрийг гаргадаг. Шийдвэрт бүртгүүлэгчийн бүртгэлийг цуцлах, шилжүүлэх тухай шийдвэр гарна. Харин хохирлыг нөхөн төлүүлэх, зардал болон хүүг гаргуулах, үйлдлийг таслан зогсоох болон ирээдүйд ямар нэг үйлдэл хийхгүй байхыг даалгах (injunction) шийдвэр гаргах эрх байхгүй. Хорооны шийдвэрт гомдолтой бол шүүхэд хандах эрхтэй болно.

Гомдолд тавигдах шаардлага (Adjudication of the dispute)

   Хороонд гомдол ирсэн тохиолдолд гомдлыг авч хэлэлцэх эсэхээ “гомдол гаргагчийн субьектид эрхийн зөрчил” (proper adjudication of the merits of the case)-д үндэслэн шийднэ. Гомдол гаргагч нь дараах зүйлсийг гомдолдоо тусгаж, нотлох шаардлагатай. Үүнд:

-Тухайн бүртгэгдсэн домайн нэр гомдол гаргачийн эзэмшиж буй нэр, бараа, үйлчилгээний тэмдэгтэй адил, төөрөгдөхүйц төсөөтэй байгаа эсэх;

-Бүртгүүлэгч тухайн домайн нэртэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй талаар;

-Тухайн домайн нэрийг хууран мэхлэх зорилгоор (bad faith) бүртгүүлсэн.

Гомдол гаргагч дээрх зүйлсийн аль нэгийг нотолж чадахгүй бол Хороо шийдвэрийг хариуцагч талд ашигтайгаар шийдвэрлэнэ.

   Адил, төөрөгдөхүйц төсөөтэй байдал

   Гомдол гаргагч тал маргаантай байгаа домайн нэрийг өөрийн бараа, үйлчилгээний тэмдэгтэй адил, төстэй болохыг нотлох үүрэгтэй. Хэрэв гомдол гаргагч нь хуулийн дагуу бараа, үйлчилгээний тэмдгийг бүртгүүлж, эзэмшдэг бол гомдлыг түргэвчилсэн журмаар шийдвэрлэх бөгөөд гомдол гаргагч нь бараа, үйлчилгээний тэмдэг эзэмшдэггүй боловч хууль ёсны, үндэслэл бүхий гомдолтой бол тухайн маргааныг хүлээн авч процессын дагуу шийдвэрлэнэ.  Өөрөөр хэлбэл,  Хороо шийдвэр гаргахдаа тухайн нэр, тэмдэг нь Сингапурын “Бараа, үйлчилгээний тэмдэгийн тухай хууль”-ийн дагуу бүртгэгдсэн эсвэл шүүхээс тухайн бараа, үйчилгээний тэмдгийг (бүртгүүлээгүй тохиолдолд) өөр этгээд ашиглахгүй байх (tort of passing off) тухай шүүхийн шийдвэр гарсан бол гомдол гаргачийн эрхийг шууд хэрэгжүүлэх юм. Энэхүү passing off нөхцлийг бүрдүүлэхийн тулд гомдол гаргагч нь дараах зүйлсийг нотлох шаардлагатай. Үүнд: 1) тухайн нэртэй холбоотой бизнесийн нэр хүндээс хамаарч бий болсон давуу тал байгааг (goodwill), 2) гомдол гаргагчийн маргаантай байгаа нэрийг өөр этгээд ашигласанаар олон нийт хариуцагч болон гомдол гаргагчийн бараа, үйлчилгээ адил гэж андуурах эсвэл бизнесийн холбоотой гэх төөрөгдөл үүсэх, 3) ийнхүү төөрөгдүүлэх үйлдлээс болж хохирол учирсан, учрах боломжтой болох тухай нотлох шаардлагатай.

   Харин маргаантай байгаа домайн нэрний төөрөгдөхүйц байдлыг тогтоохдоо ердийн хэрэглэгчийн (average consumer) байр сууринаас харж тогтоодог. Жишээ нь: Louis Vuitton v.City Chain Stores (S) Pte Ltd and Another Matter.

Тухайн нэртэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байх

   Домайн нэрийг түрүүлж бүртгүүлэх нь бүртгүүлэгчид ямар нэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг домайн нэртэй холбогдуулж бий болгодоггүй. Харин маргаан үүссэн тохиолдолд гомдол гаргагч болон хариуцагчийн ашиг сонирхлыг дэнслэн үзэж шийдвэрлэх юм. 

   Хариуцагч нь гомдол гаргагчийн үндэслэлийг няцааж, өөрийн хариу тайлбарыг заавал гаргах хэрэгтэй бөгөөд Хорооноос гаргасан зөвлөмж бүхий бодлогын баримтад дараах хариу тайлбарын үндэслэлийг тусгаж болохоор заасан байна. Үүнд:

-Гомдлын талаарх мэдэгдэлийг хүлээн авахаас өмнө бүртгүүлэгч нь тухайн нэрийг хууран мэхлэх ямарваа нэг сэдэлгүйгээр (bona fide) өөрийн бараа, үйлчилгээндээ ашиглах байсан, ашиглахаар бэлдэж байсан.

-Хэдий бараа, үйлчилгээний тэмдэгийн эрх, бүртгэл хийгдээгүй боловч бүртгүүлэгч тухайн домайн нэрээр олон нийтэд танигдсан.

-Хэрэглэгчийг төөрөгдүүлж ашиг олох, тухайн маргаантай байгаа бараа, үйлчилгээний тэмдэгийн нэр хүндийг унагаах зорилгогүйгээр маргаантай байгаа домайн нэрийг худалдааны бус, шударгаар ашиглаж байсан.

Хууран мэхлэх зорилго (bad faith)

Хорооноос гаргасан зөвлөмж бүхий бодлогын баримтад домайн нэрийг бүртгүүлэгч “bad faith”-н дараах байдлаар ашигласан байх үндэслэлүүдийг гаргасан байна. Үүнд:

-Тухайн домайн нэрийг бараа, үйлчилгээний тэмдгийг эзэмшигч болон түүний өрсөлдөгчид худалдах, түрээслэх, шилжүүлэх зорилгоор бүртгүүлсэн;

-Тухайн домайн нэрэнд бараа, үйчилгээний тэмдэг эзэмшигчийг нэрээ тусгахаас урьдчилан саад хийх зорилгоор бүртгүүлсэн;

-Өрсөлдөгчийнхөө бизнесийн үйл ажиллагаанд саад хийх, хохирол учруулах зорилгоор бүртгүүлсэн;

-Гомдол гаргагчийн нэр, барааны тэмдгийг өөрийн вэбсайт, бараа, үйлчилгээний ивээн тэтгэгч, хамтрагч, нийлүүлэгч мэтээр төөрөгдүүлж ашиг олох зорилгоор өөрийн вэбсайт руу интернэт хэрэглэгчдийг татахаар тухайн маргаантай домайн нэрийг ашигласан;

 

https://blog.ipleaders.in/wp-content/uploads/2016/09/bigstock-Domain-names-and-internet-conc-20750015-1.jpg