БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ
Иргэн, хуулийн этгээд өөрсдийн мөнгөн хөрөнгөө арилжааны банкинд хүүтэйгээр хадгалуулдаг. Мөнгөн хадгаламжийг хадгалагч банк дампуурсан тохиолдолд иргэн, хуулийн этгээд хохирох эрсдэлтэй. Үүнийг зохицуулсан хууль, эрх зүйн орчин Монгол Улсад дутагдалтай байсаар 2008 оны сүүлч хүрсэн юм.
Цаг үеийн шаардлагаар буюу 2008 оны 11 сарын 25-ны өдөр УИХ-аас “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль” батлан гаргасан. Хуулиар санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс баталгаа гаргахтай холбогдсон харилцааг зохицуулж байсан.
Банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс гаргасан баталгаанд мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий, Монгол Улсад бүртгэлтэй бүх арилжааны банкинд дахь мөнгөн хадгаламжид хамаарч байсан. Энэ нь мөн иргэн, хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны үлдэгдэлд нэгэн адил үйлчилсэн. Уг баталгаа нь “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2008 оны 11 сарын 25-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаатай үйлчилж 2012 оны 11 сарын 25-ны өдөр дуусгавар болсон.
Тиймээс иргэн, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжинд хэн, хэрхэн баталгаа гаргахыг УИХ-аас дахин тодорхойлж 2013 оны 01 сарын 10-ны өдөр “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль” батлан гаргаж, тухайн өдрөөс дагаж мөрдөж байна. Энэ хууль нь банкны мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэх зорилготой бөгөөд банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоож, хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах зорилттойгоор хэрэгжиж байна.
Ингээд Төрөөс “Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо”, мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус, төрийн өмчит хуулийн этгээд болох “Хадгаламжийн даатгалын корпораци”-ийг үүсгэн байгуулах замаар хадгаламжийн даатгалын үйл ажиллагаанд оролцох боллоо.
Монгол банкнаас мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрөл олгох бүртээ энэ тухайгаа “Хадгаламжийн даатгалын корпораци”-д мэдэгдэх бөгөөд компораци нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагаанд оролцож байгааг нотолсон гэрчилгээг тухайн банкинд олгодог. Ингэснээр банк хадгаламж эзэмшигчийн хадгаламжийг хадгаламжийн даатгалд заавал даатгуулж, даатгалын хураамжийг “Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо”-ноос баталсан “Хадгаламжийн даатгалын хураамжийн журам”-ын дагуу “Хадгаламжийн даатгалын корпораци”-д төлж “Хадгаламжийн даатгалын сан”-д төвлөрүүлнэ.
“Хадгаламжийн даатгалын сан”-гийн удирдлагыг хэрэгжүүлэгч нь “Хадгаламжийн даатгалын корпораци” юм. Монголбанк хуульд заасны дагуу банкийг албадан татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд энэ тухайгаа “Хадгаламжийн даатгалын корпораци”-д мэдэгдэнэ. Уг өдрийг даатгалын тохиолдол бий болсон өдөрт тооцож, хадгаламж эзэмшигчид хуульд заасны дагуу “Хадгаламжийн даатгалын корпораци”-аас даатгалын нөхөн төлбөр шаардах эрх үүсдэг.
Даатгалын тохиолдол бий болоход “Хадгаламжийн даатгалын корпораци”-иас хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлөх юм.
Хуульд дараах хадгаламж нь хадгаламжийн даатгалд хамаарахгүй гэжээ. Үүнд:
-
Банк; банк бус санхүүгийн байгууллага; даатгалын компани; үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага; барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг этгээд; хадгаламж, зээлийн хоршоо; валют худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд; төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс;
-
Нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл;
-
Нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж.
Үүнээс гадна дараах этгээдийн хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй бөгөөд даатгалын тохиолдол бий даатгалын нөхөн төлбөр төлөхгүй юм. Үүнд:
1. Банк;
2. Төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага;
3. Эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сан;
4. Банкны тухай хуулийн 3.1.2-т заасан банкны холбогдох этгээд;
5. Даатгалын тохиолдол бий болохоос өмнөх гурван жилийн хугацаанд банкны санхүүгийн тайланд аудит хийсэн аудитор болон аудитын байгууллага;
6. Монгол банкны хяналт шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, банкны үйлчилгээ авахдаа санхүүгийн давуу эрх эдэлсэн нь тогтоогдсон дор дурдсан хадгаламж эзэмшигч:
6.а. гүйлгээний төрөл, эрсдэлийн түвшин, зээлдэгчийн төлбөрийн чадвар болон барьцааны төрөл зэргийг харгалзан үзэхэд бусад хадгаламж эзэмшигчээс онцгой нөхцөлтэй зээл авсан;
6.б. банкны бусад хадгаламж эзэмшигчээс илт бага хүүтэй зээл авсан;
6.в. даатгалын тохиолдол бий болох үед Монголбанкны статистик мэдээллээр хадгаламж эзэмшигчдийн авч байгаа хадгаламжийн дундаж хүүгээс 50 хувиас илүү хүү авсан.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.9-д заасны дагуу битүүмжилсэн болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу гүйлгээг нь түдгэлзүүлсэн дансны хадгаламж эзэмшигчид зөвхөн битүүмжлэх болон гүйлгээг түдгэлзүүлэх шийдвэр хүчингүй болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгодог.
Иргэн, хуулийн этгээд нь “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийг legalinfo.mn вэбсайтаас олж унших боломжтой.